2022 оны байдлаар 1 квт.ц 243 төгрөгөөр үйлдвэрлэж 175 төгрөгөөр хэрэглэгчдэд түгээж байна
Эрчим хүчний нөхцөл байдлаас шалтгаалж айл өрхүүд цахилгааны хязгаарлалтад өртөх, томоохон бүтээн байгуулалт зогсох зэргээр олон хүндрэлтэй нөхцөл байдал бидний өмнө тулгарсаар байгаа. Тэгвэл энэ нөхцөл байдлыг арилгахаар эхний ээлжид айл өрхийн хэрэглэж байгаа цахилгааны үнэ тарифыг өөрчлөх асуудал яригдаж эхлээд байна.

Өнөөдрийн нөхцөл байдалд дулааны цахилгаан станцын тоноглолын 19 хувь нь, шугам сүлжээний 40 хувь нь ашиглалтын хугацаа дууссан. Түүнчлэн иргэд ч  эрчим хүчний хязгаарлалтад өртөж, томоохон бүтээн байгуулалтын ажилд ч доголдол үүссэн нөхцөл байдалтай байна. Тиймээс засгийн газрын хуралдаанаар эрчим хүчний салбарын шинэчлэл, өөрчлөлтийн хүрээнд дэд хороог байгуулж, 11-р сарын 1-ээс иргэд, айл өрхийн цахилгааны төлбөрийг нэмэгдүүлэх талаар шадар сайд мэдээлээд байгаа юм.

Тэгвэл чухам хэдэн төгрөгөөр айл өрхийн цахилгааны төлбөрийг нэмэгдүүлэх талаар одоогоор албан ёсны эцсийн шийдвэр гараагүй байна. Холбогдох байгууллага, албан тушаалтнууд үнийн санал гаргаж, судалгааны хийж байна.

2019 оноос хойш айл өрхийн цахилгааны төлбөрийг нэмэгдүүлээгүй бөгөөд 2022 оны байдлаар 1 квт.ц 243 төгрөгөөр үйлдвэрлэж байгаа боловч 175 төгрөгөөр хэрэглэгчдэд түгээж байгаа. Өөрөөр хэлбэл, эрчим хүч үйлдвэрлэж байгаа үнээсээ бага дүнгээр хэрэглэгчдэд түгээж байгаагаас гадна эх үүсвэрийн асуудлууд үүсэн учир тус салбар алдангид орж засвар шинэчлэлтээ ч хийж чадахгүй нөхцөл байдалд хүрсэн юм.