Францын прокурорууд ОХУ-д төрсөн Францын иргэншилтэй Павел Дуровыг хэд хэдэн эрүүгийн гэмт хэрэгт буруутгаж яллах дүгнэлтийг үйлдэн шүүх байгууллагад хүргүүлсэн байна. Тухайлбал түүнийг Телеграм сүлжээгээр дамжуулан хууль бус гүйлгээ хийсэн, мөн хүүхдийн бэлгийн хүчирхийлэл, хар тамхины наймаа, залилан үргэлжлүүлбэл эрх баригчдад мэдээлэл өгөхөөс татгалзаж, гэмт хэрэгтнүүдэд мөнгө угаах буюу криптографийн үйлчилгээ үзүүлэх боломжийг олгосон гэж буруутгасан байна.
Франц улсад албан ёсны мөрдөн байцаалтад хамрагдаж байгаа этгээдийг шууд гэм буруутайд тооцох боломжгүй төдийгүй хэргүүдийг хэрэгсэхгүй болгож, шүүхээр орохгүй байх ч боломжтой юм. Гэхдээ лхагва гарагт Парис хотын шүүх мөрдөн байцаалтыг үргэлжлүүлэх хангалттай нотлох баримт байгаа гэж үзсэн учраас Оросын тэрбумтанд хилийн хориг тавьж, өндөр дүнтэй барьцаагаар сулласан нь асуудал нэлээд хүндэрснийг илтгэж байна.
Үүнээс гадна Павел Дуровыг цагдан хорьсон нь дэлхий дахинд үг хэлэх эрх чөлөө хаана дуусаж, хуулийн хэрэгжилт хаанаас эхлэх вэ гэсэн маргааныг өдөөсөн юм. Засгийн газрууд, эрх баригчдын тулгаж байгаа нөхцөлийг дагаж мөрдөхөөс татгалзсан хүн бүр хуулийн өмнө хариуцлага хүлээх эрсдэл учирч байгааг идэвхтнүүд хэлж байна. Францын засгийн газар болон 1 тэрбум орчим хэрэглэгчтэй Telegram хоорондын таагүй харилцаа нь технологийн салбарын томчуудад ч гэсэн томоохон анхааруулга өгсөн үйл явдал болсон төдийгүй цахим орчин дахь халдашгүй байдлын асуудлын хүртэл хөндөгдөж эхэлсэн байна.
Тэгвэл Телеграм компанийн зүгээс европын холбооны дагаж мөрдөх ёстой кибер зохицуулалтын хуулийг зөрчсөн үйлдэл огт гаргаагүй бөгөөд платформыг хууль бус зүйлд урвуулан ашигласан тохиолдолд хариуцлагаа хүлээхэд бэлэн гэдгээ мэдэгдсэн байна.
Телеграм сүлжээ нь нэг тэрбум хэрэглэгчтэй томоохон платформ, бас Украины дайны үед тулалдааны талбарт харилцаа холбоо тогтооход чухал ач холбогдолтойгоос гадна дайсагнагч талуудын мэдээллийн дайны гол хэрэгсэл гэж тодорхойлогдож байгаа юм. Мөн тус аппликэйшнийг идэвхтэй хэрэглэгч гэгддэг Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон Дуровыг баривчилсан нь "Ямар ч улс төрийн шийдвэр биш" гэж мэдэгдээд Франц улс хууль ёсны үг хэлэх эрх чөлөөг дэмждэг гэж мэдэгджээ.