Суррон, скүүтер зэргээр замын хөдөлгөөнд оролцох эрх зүйн зохицуулалтыг сайжруулах шаардлагатай байна

Цахилгаан скүүтер, суррон дугуйн хэрэглээ ихсэхийн хэрээр насанд хүрээгүй иргэд энэ төрлийн тээврийн хэрэгслийг зориулалтын бусаар ашиглах мөн хуулийн зохицуулалт хангалтгүйгээс үүдэн иргэд зам тээврийн осолд өртөх тохиолдол нэмэгдэж байна. Тиймээс хүний эрхийн үндэсний комисс, гэмтэл согог судлалын үндэсний төв, тээврийн цагдаагийн алба болон бусад байгууллагууд хамтран суррон маркийн тээврийн хэрэгслийг 18 нас хүрсэн иргэнд тусгай сургалтад хамрагдсаны үндсэн дээр жолоодох эрхийг олгож, хууль эрх зүйн хүрээнд зохицуулах зэрэг саналыг холбогдох байгууллагуудад хүргүүлжээ. Цахилгаан скүүтэр болон суррон дугуйтай холбоотой зарим тоон мэдээллийг хүргэж байна.

  • Манай улсад 2021 онд 411 ширхэг цахилгаан дугуй, суррон зэрэг хоёр дугуйт тээврийн хэрэгсэл импортоор орж ирж байжээ. Ердөө 4 жилийн хугацаанд тус тоо 17 дахин өсөж зөвхөн энэ онд гэхэд 7116 ширхэг хоёр дугуйт тээврийн хэрэгсэл импортоор оруулж иржээ.
  • Уг өсөлтийг дагаад иргэд хоёр дугуйт тээврийн хэрэгслээс үүдэлтэй зам тээврийн осолд өртөж, гэмтэж бэртэх нь тасралтгүй нэмэгдсээр байна. Жишээ нь 2021 онд 1181 иргэн, 2022 онд 1452 иргэн, 2023 онд 1680 иргэн энэ төрлийн зам тээврийн осолд өртсөн байна. Харин зөвхөн энэ оны хагас жилийн байдлаар буюу ердөө 7 сарын хугацаанд 1233 иргэн цахилгаан дугуй, суррон зэрэг хоёр дугуйт тээврийн хэрэгслээс үүдэлтэй зам тээврийн осолд өртжээ.
  • Тэгвэл скүүтэр, суррон зэргээс үүдэлтэй осол гэмтэлд өртсөн иргэдийн 60 хувь нь 10-18 насны хүүхдүүд байна. Тэр дундаа насанд хүрээгүй иргэд өөрсдөө жолоодож яваад осолд өртөж байгаа нь анхаарал татахуйц байгаа юм. Зөвхөн 2023 онд 18 хүртэлх насны хүүхэд цахилгаан скүүтэр, суррон зэрэг хоёр дугуйт тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ осолд өртсөн тохиолдол 235 бүртгэгдсэн бол энэ оны эхний хагаст тус ослын тоо 238 болж өсжээ.
  • Осолд өртсөн иргэдийн гэмтлийг оношоор нь авч үзвэл, тохой болон шууны гэмтэл 26.7 хувь, тархины гэмтэл 18 хувь, өвдөг болон шилбэний гэмтэл 18 хувьтай байна. Нийт эмчилгээ авсан иргэдийн 80 орчим хувь нь дээрх төрлийн төхөөрөмжөөс унаж, гэмтсэн бол автомашинтай мөргөлдсөн, явган зорчигч мөргүүлж гэмтсэн тохиолдол ч цөөнгүй хувийг эзэлж байна.

Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 25-р зүйлд иргэд цахилгаан мопед болон скүүтэрээр замын хөдөлгөөнд оролцохдоо унадаг дугуйн зам эсвэл явган хүний замаар бусдад аюул саад учруулахгүйгээр зорчино гэж заасан байдаг. Ингэхдээ 10 км цагаас илүү хурд хэтрүүлэхийг хориглодог. Гэсэн хэдий ч эдгээр тээврийн хэрэгслийг ашиглаж байгаа иргэд хурд хэтрүүлэх, насанд хүрээгүй хүүхдүүд бие биенээ дагаж дуурайн үзүүлбэр үзүүлэх, хамгаалалтын хэрэгслийг дүрэм журмын дагуу хэрэглэхгүй байх, явган зорчигчийг мөргөж гэмтээх зэргээр зөрчил гаргаж байгааг Тээврийн цагдаагийн албанаас мэдээлж байна.

Судалгаагаар нийслэлийн хэмжээнд өдөр тутамд 4500-5000 хүн 2 дугуйт тээврийн хэрэгсэл ашиглаж байна. Тэр дундаа ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд 2 дугуйт тээврийн хэрэгслийн хэрэглээ ихэссэн байна. Замын нөхцөл байдал буюу түгжрэлээс шалтгаалан цахилгаан мотоциклийг хэрэглэж байгааг буруутгах аргагүй хэдий ч энэ нь сурагчдын тухайд бие биенээ даган дуурайх, санамсаргүйгээр бие биенээ мөргөж эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирох эрсдэл үүссээр байна. Скүүтэр, суррон зэргээс үүдэлтэй осол гэмтэлд өртсөн иргэдийн 60 хувь нь 10-18 насны хүүхдүүд байгаа төдийгүй гэмтлийн оношоор нь авч үзвэл, тохой болон шууны гэмтэл 26.7 хувь, тархины гэмтэл 18 хувь, өвдөг болон шилбэний гэмтэл 18 хувийг эзэлж байна.

Тэгвэл ХЭҮК-оос хүүхдийг болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх, хамгаалах зорилгоор цахилгаан скүүтэр болон цахилгаан дугуйтай холбоотой эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох асуудлаар холбогдох байгууллагад санал хүргүүлжээ. Сүүлийн дөрвөн жилийн хугацаанд 5546 хүн гэмтэж бэртсэнээс 1040 нь 18-аас доош насны хүүхэд байна. Үүнээс 650 хүүхэд өөрөө унаж гэмтэж, бэртсэн үзүүлэлттэй байгаа нь жолоодох ур чадвар, замын нөхцөл, чанартай холбоотой гэж мэдээлж байна.

Цахилгаан дугуйны хэрэглээ эрчимтэй өсөж буй манай улсад 2 дугуйт тээврийн хэрэгсэлтэй холбоотой хууль эрхзүйн зохицуулалт хангалтгүйн улмаас иргэд эрсдэлд орж эрүүл мэнд эд хөрөнгөөрөө хохирох тохиолдол гарсаар байна. Тиймээс хууль эрх зүйн хүрээнд шаардлагатай зохицуулалтыг хийж бусад улс орны жишгийг дагах хэрэгтэй байна.