БЗС-ийн гадаадын зээл болон тэтгэлгийн хөтөлбөрт 1997 оноос хойш нийт 3000 гаруй иргэн хамрагджээ. Тэдгээрийн дийлэнх нь буюу 2349 нь зээлийн хөтөлбөрт хамрагдаж, гадаад улс оронд суралцсан байна. 2023 онд боловсролын зээлийн сангийн үйл ажиллагаатай холбоотой асуудал олон нийтэд мэдээлэгдсэнээр гадаадад суралцсан иргэдийн зээлийн эргэн төлөлт нэмэгдсэн үзүүлэлттэй гарсан. Уг асуудал сөхөгдөхөөс өмнө жилд дунджаар 100-200 орчим сая төгрөгийн эргэн төлөлт хийгддэг байсан бол 2023 онд нийтдээ 4.2 тэрбум төгрөгийн зээл эргэн төлөгджээ. Цаашид боловсролын салбарт шинэчлэл өөрчлөлтийг хийж гаднын улсад хөрөнгө оруулалт хийхээс илүүтэй дотоодын их дээд сургуулийн чанар, сургалтын орчныг сайжруулах шаардлагатай байгаа талаар УИХ-ын гишүүд байр сууриа илэрхийллээ.
Одоогийн байдлаар боловсролын зээлийн санд 209 тэрбум гаруй төгрөгийн эргэн төлөлт хийгдэх шаардлагатай байна. Үүнээс 100 гаруй тэрбум төгрөгийн зээл хугацаа хэтэрсэн ангилалд багтаж байна. Цаашид тус сангийн хөрөнгийг эргэлтэд оруулж, оюутнуудад боломж олгох үүднээс зээлээ эргэн төлөөгүй иргэдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн орчныг бүрдүүлэх шаардлагатай байгааг салбарын сайд онцоллоо.
Боловсролын зээлийн сангаас олгосон зээлийн 70 орчим хувь нь дотоодын их сургуульд суралцах зорилготой оюутнуудад олгогдсон байна. Дотоодод суралцсан зарим оюутнууд зээлээ эргэн төлөөгүйн улмаас 15 мянга диплом барьцаанд буюу хураалттай байдаг юм байна. Харин гаднын улсад суралцаад зээлээ иргэн төлөөгүй иргэд өдийг хүртэл ямар ч хариуцлага хүлээгээгүй хэвээр байна.