Ирэх оны 7-р сарын 1-н гэхэд
Урт цагааны суурин дээр баригдах далд зогсоол бүхий цэцэрлэгт хүрээлэнгийн бүтээн байгуулалтын ажил эхэллээ. Ирэх 7-р сарын 1-ний өдөр гэхэд ашиглалтад орно гэж барилга гүйцэтгэгч компанийн төлөөлөл мэдээлж байна. Энэхүү бүтээн байгуулалтын ажил нь 38.9 тэрбум төгрөгөөр санхүүжиж байгаа юм.

2024 оныг “Тохижилт, бүтээн байгуулалтын жил” болгон зарласан. Уг ажлын хүрээнд  “Урт цагаан” худалдаа, үйлчилгээний төвийн барилгыг өнгөрсөн оны 11-р сард нураах шийдвэр гарсан. Урт цагааны барилгыг нурааж суурин дээр нь далд авто зогсоол бүхий ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэнг барьж байгуулах ажил ийнхүү эхлээд байна. Зураг төслөөр 109 автомашины дулаан зогсоолыг газар доор байгуулж, задгай жижиг театр, усан оргилуур, дугуйн зогсоол зэргийг бүтээн байгуулахаар төлөвлөжээ.

Урт цагааны суурин дээр хийгдэж байгаа бүтээн байгуулалтын гүйцэтгэгч компанийн зүгээс энэ ондоо газар доорх зогсоолын ажлыг бүрэн дуусгаж, ирэх хавраас цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилтын ажлыг дуусгана гэсэн юм.

Мөн өмнө нь урт цагаан үйлчилгээний төвд худалдаа, үйлчилгээ эрхэлж байсан аан, байгууллагуудыг хохиролгүй байлгахаар 32-ын тойрогт ахуйн үйлчилгээний шинэ төв байгуулахаар ажиллаж байгаа гэж албаныхан мэдээлж байсан юм.