Хүүхдийн тоглоомын талбай руу “Приус” загварын автомашин орж, дөрвөн хүүхдийг мөргөн гэмтэж бэртээсэн хэрэг гарлаа. Хохирогч хүүхдүүдийн эцэг, эхчүүдийн зүгээс сэтгэл санааны байдал болон хүүхдүүдийн биеийн байдал хүнд байгаа гэж мэдээллээ.
Хохирсон дөрвөн хүүхдийн нэг нь эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа бол үлдсэн гурван хүүхдийн хувьд цээжний хөндийн зөөлөн гэмтэл, мөчдийн хугарал зэрэг оношоор ГССҮТ-д эмчлүүлж байгаа юм байна.
Хүүхдийн тоглоомын талбай руу орж, дөрвөн хүүхдийг гэмтээсэн этгээдийн согтолтын зэрэг нь 0 хувь байсан буюу согтууруулах ундаа хэрэглээгүй нь урьдчилан байдлаар тогтоогдсон байна.
Одоогоор тус хэргийн мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа юм. Энэхүү хэрэгтэй ижлээр хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбоотойгоор зам тээврийн осол, гэмтэлд хүүхдүүд холбогдох нь ихэсдэг. Энэ оны эхний 7 сарын байдлаар зам тээврийн ослоос шалтгаалж 41 хүүхэд амь хохироод байгаа юм.
Мөн согтуу жолоочтой холбоотойгоор ч хүний амь нас хохирох тохиолдол цөөнгүй гардаг. Энэ он гарсаар эрүүгийн хуульд өөрчлөлт оруулж, согтуугаар жолоо барихад хүлээлгэх хуулийн хариуцлагыг чангатгасан ч эхний 7 сарын байдлаар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 14.000 гаруй хэрэг бүртгэгдсэн байна. Энэ тоон үзүүлэлт нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 60 гаруй хувиар буурсан үзүүлэлт боловч согтуугаар тээрийн хэрэгсэл жолоодсоноос үүдэж 30 гаруй хүн амиараа хохирчээ.
Хариуцлагагүй жолоочоос шалтгаалж жил бүр олон мянган хүн гэмтэж бэртэж, амь насаараа хохирсоор байна. Түүнчлэн бага насны хүүхдүүд ч хохирогч болж, харамсалтай хэргүүд гарсаар байгаа тул хичээлийн шинэ жил эхэлж байгаа энэ үед жолооч нар сургууль орчим, хороолол хотхон орчмын бүсэд зорчихдоо хурдаа тохируулж, анхаарал болгоомжтой явахыг зөвлөж байна.