Эрүүл мэндийн даатгалын сангийн тухай хуульд зааснаар тус сангийн төсвийг эрт илрүүлэг, хувийн эмнэлгийн санхүүжилт, амралт сувилал, эмийн хөнгөлөлт олгох зэрэг асуудалд зарцуулагддаг байна. Уг санд хуваарилагдсан төсөв нь багассан тул зарим хувийн эмнэлгүүдийн гэрээний гүйцэтгэл хэтэрсэн байгууллагууд руу мэдээлэл хүргүүлж дараагийн гэрээг хийх эсэх болон гэрээг сунгах талаар яригдаж байгаа юм. Тэгвэл өнөөдөр уг асуудлыг УИХ дахь Төсвийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн юм. Эрүүл мэндийн даатгалын сан болоод Нийгмийн даатгалын сангийн нийт 120 тэрбум төгрөг капитал банк болон чингис хаан банкинд гацаад байгаа асуудлыг шийдвэрлэх шаардлагатайг онцоллоо.
Мөн хуралдааны үеэр Төсвийн байнгын хорооны гишүүд нэр бүхий төрийн алба хаагчдыг амралт сувиллын газар хөнгөлөлттэй үйлчлүүлдэг талаарх асуудлыг хөндсөн юм. Эрүүл мэндийн даатгалын сангийн хэчнээн хувь нь амралт сувиллын газруудад хөнгөлөлт хэлбэрээр очдог талаарх мэдээллийг холбогдох албаныхан болон үндэсний аудитын газраас тодруулсан боловч нэгдсэн мэдээлэл байхгүй гэх тайлбарыг өглөө.