Франц улсад институцийн тогтвортой байдал хэрэгтэй байгаа төдийгүй зүүн жигүүрийн улс төрчид иргэдийг төлөөлөхөд учир дутагдалтай болохыг онцолсон байна
Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон өнгөрсөн сард болсон тус улсын бүх нийтийн сонгуульд олонхын суудлыг авсан зүүний үзэл баримтлалтай “Шинэ ардын фронт” эвслийн тэргүүлэх Засгийн газрыг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдсэн байна. Тэрээр Франц улсад институцийн тогтвортой байдал хэрэгтэй байгаа төдийгүй зүүн жигүүрийн улс төрчид иргэдийг төлөөлөхөд учир дутагдалтай болохыг онцолсон байна.

Өнгөрсөн сард болсон бүх нийтийн сонгуульд олонхын суудлыг авсан Шинэ ардын фронт эвслийн зүгээс олон нийтэд төдийлөн танигдаагүй төрийн албан хаагч, эдийн засагч мэргэжилтэй Люси Кастетсийг ерөнхий сайдад нэр дэвшүүлснээр Францын иргэд болон ерөнхийлөгч Макрон, мөн баруун жигүүрийн нам эвслийн шүүмжлэлд өртсөнөөр, Засгийн газар байгуулах үйл хэрэг мухардалд ороод байгаа юм.

Өнөөдөр буюу Мягмар гарагт Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон сонгуулийн санал хураалтад дэд байрт эрэмбэлэгдсэн төвийг дэмжигчидтэй зөвлөлдөх хурал хийх бөгөөд зүүн жигүүрийн эрх баригчдын улс төрийн бусад нам, хүчинтэй хамтран ажиллахыг уриалсан байна.

Францын бүх нийтийн сонгуульд аль ч нам эвсэл, бүлэг олонхын суудал авч чадаагүй бөгөөд шинэ ардын фронт эвсэл 190 гаруй суудал, Эммануэль Макроны төвийн үзэлтэй ensemble эвсэл 160, хэт барууны үзэлтэй үндэсний фронт нам 140 орчим суудал авчээ.

Тэгвэл Францын зүүн жигүүрийнхэн Люси Кастетийг ерөнхий сайдад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэхгүй бол ямар нэгэн зөвлөлдөх уулзалтад оролцохоос татгалзаж байсан ч олон нийтийн шүүмжлэл тэдний зүг эргэсний дараа байр сууриасаа няцсан байна. Францын ерөнхийлөгч Э.Макрон Олимпын наадам өндөрлөхтэй зэрэгцэн Засгийн газар байгуулах асуудлыг идэвхтэй хөндөж байна.