Украины томоохон эрчим хүчний дэд бүтцүүд халдлагад өртсөний уршгаар Киев хотын зарим дүүрэгт цахилгаан болон усны хангамж тасарсныг холбогдох албанаас мэдэгдлээ. ОХУ-ын зэвсэгт хүчин хүйтний улирал эхлэхээс өмнө дайсагнагч талынхаа эрчим хүч, дулааны хангамжийн сүлжээг таслах, саатал учруулахын тулд агаарын довтолгоогоо эрчимжүүлсээр байна. Даваа гарагт Украины агаарын цэргийн хүчин оросын харвасан нийт 220 орчим пуужин, дроны 90 орчим хувийг нь агаарт нь амдуулан устгасан гэдгээ мэдээлсэн байна. Ажлын эхний өдөр Москвагийн зүгээс агаар, газар, тэнгис гэсэн гурван жигүүрээр нэгэн зэрэг довтолсон нь дайн эхэлснээс хойших хамгийн өргөн хүрээний давшилт довтолгоо болсон гэж Украины эрх баригчид тодорхойлж байна. Украины ерөнхий сайд Денис Шмихалын хэлснээр тус улсын 15 бүс нутагт хохирол учирчээ.
Нэгдсэн улсын ерөнхийлөгч Жо Байден Москвагийн агаарын цохилтыг “Харгис хэрцгий үйлдэл” гэж зэмлэн буруутгахын сацуу хохирол амссан Украин улсад дэмжлэг үзүүлнэ, тэр дундаа эрчим хүчний дэд бүтэц, иргэний байгууламжийг сэргээн засварлахад шаардлагатай тоног төхөөрөмж нийлүүлэх амлалтыг өгсөн байна.
Тэгвэл ОХУ-ын Батлан хамгаалах яам Украины эрчим хүчний чухал дэд бүтцэд цохилт өгөхдөө өндөр нарийвчлалтай, дэвшилтэт технологийн зэвсэг ашигласан гэдгээ мэдэгдлээ. Үүнд цахилгаан дэд станцууд, хийн компрессорын станцууд, сөнөөгч онгоцонд дагалдах зэвсгийн агуулах багтсан байна.
Томоохон халдлага, агаарын цохилтын дараа НАТО-ын гишүүн Польш улсын эрх баригчид оросын дрон тус улсын газар нутагт нэвтэрсэн болон газардсан байж болзошгүй тул шалгалтын ажиллагааг эхлүүлснээ мэдэгдлээ.