2023 онд хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар хүний хөхөнцөр вирусний эсрэг вакциныг заавал хамрагдах вакцинд оруулжээ
Манай улсад умайн хүзүүний хорт хавдраар өвчлөх эмэгтэйчүүдийн тоо жилээс жилд буурахгүй байна. Умайн хүзүүний хорт хавдрын шалтгааны 90 гаруй хувь нь хүний хөхөнцөр вирус буюу папиллома вирусийн халдвар байна. Тус вирус нь 100 гаруй хэв шинжтэйгээс 40 гаруй нь бэлгийн замаар дамждаг мөн дэлхийн хэмжээнд хамгийн өргөн тархсан халдварын тоонд ордог байна. Тэгвэл эрүүл мэндийн байгууллагаас умайн хүзүүний хорт хавдраас урьдчилан сэргийлэх зорилгоор дархлаажуулалтын үндэсний товлолт вакцины тоонд хүний хөхөнцөр вирусний эсрэг вакциныг оруулж, ирэх 9-р сараас эхлэн 11 настай хүүхдүүдэд хийж эхлэхээр болжээ.

Хавдар Судлалын Үндэсний төвөөс 2023 онд хийсэн судалгаагаар умайн хүзүүний хорт хавдар зонхилон тохиолдож байгаа өвчлөлийн 5,9 хувийг эзэлж эмэгтэйчүүдийн эрүүл мэндэд ноцтой хохирол учруулж байна. Өнгөрөгч онд улсын хэмжээнд 7500 гаруй хорт хавдрын шинэ тохиолдол бүртгэгдсэний 425 нь умайн хүзүүний хорт хавдар байна. Өөрөөр хэлбэл 100 мянган хүн ам тутамд 12 хүн тус өвчнөөр оношлогдож байна.

Эргэн сануулахад, 2012 онд мянганы сорилтын сангийн санхүүжилтээр ЭМЯ, ХӨСҮТ хамтран 9-15 насны охидод хүний хөхөнцөр вирусний эсрэг гардасил вакцинжуулалтын ажлыг эхлүүлж, 21 мянга гаруй хүүхэд хамрагдаж байжээ. Гэтэл вакцины сүүлийн тунг хийж эхлэхээс өмнө иргэдийн эсэргүүцэлтэй тулгарч улмаар тус төсөл зогссон байна. Тухайн үед хийсэн судалгаагаар вакциныг хийлгэсэн охидын нөхөн үржихүйд сөрөг нөлөө үзүүлээгүй тэр тусмаа вакцин хийлгэсэн охидын дунд папиллома вирусний халдварын тархалт 10 дахин буурсан үр дүн гарсан байна. Тус вакцин нь 9-26 насны эмэгтэйчүүдэд хөхөнцөр вирусний зарим хэв шинжээр үүсгэгддэг умайн хүзүү, хавдрын урьдал өвчнүүд болон архаг халдвар, бусад халдварт өвчнүүдээс сэргийлэх юм байна. Тиймээс эрүүл мэндийн байгууллагаас умайн хүзүүний хорт хавдраас урьдчилан сэргийлэх зорилгоор дархлаажуулалтын үндэсний товлолт вакцины тоонд хүний хөхөнцөр вирусийн эсрэг вакциныг өнгөрсөн онд оруулжээ. Уг вакциныг ирэх 9-р сараас эхлэн 11 настай хүүхдэд хүйс харгалзахгүй хийх юм байна.

Харин иргэдийн дийлэнх нь хүний хөхөнцөр вирусний эсрэг вакцины талаарх ойлголтгүй байна. Энэ талаар судалсан иргэд  дараах байр суурийг илэрхийлж байна.

Тэгвэл монгол улс хүний папиллома вирусийн халдварын эсрэг вакциныг 2020 оноос сайн дурын үндсэн дээр ХӨСҮТ-д хийдэг байсан бол 2023 оны 10-р сард дархлаажуулалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, заавал хийх вакцинд багтаасан. Хэрэв уг вакцинжуулалтад хамрагдвал умайн хүзүүний болон бусад хавдраас сэргийлэх боломжтой.