УИХ-д шинээр сонгогдсон гишүүдийн зүгээс өргөн мэдүүлж байгаа хуулийн төслүүдтэй танилцах хугацаа хомс,  ажиллах орчин нөхцөл хангалтгүй байгаа талаар шүүмжиллээ
УИХ ээлжит бусаар хуралдаж улсын төсвийн тухай болон засгийн газрын ирэх жилийн мөрийн хөтөлбөрийн талаар хэлэлцэж байгаа. Хоёр томоохон асуудлыг хэлэлцэж байгаа энэ үед УИХ-д шинээр сонгогдсон гишүүдийн зүгээс өргөн мэдүүлж байгаа хуулийн төслүүдтэй танилцах хугацаа хомс,  ажиллах орчин нөхцөл хангалтгүй байгаа талаар шүүмжиллээ.

УИХ–ын ээлжит бус чуулганаар хэлэлцэгдэж  байгаа төсвийн тодотголыг дагасан төсвийн тогтвортой байдлын тухай хууль, Төсвийн тухай хууль, Тендерийн тухай хуулийн төслүүдийг нэмэлт өөрчлөлт оруулж байгаа нь багагүй маргааныг дагуулаад байгаа юм. Эдгээр хуулийн төслийг хэлэлцэх  явцад УИХ-ын шийдвэр гарсан хэдий ч горимын санал гаргах нэрийдлээр дахин санал хураалт явуулах, зарим тохиолдолд төхөөрөмж гацах зэрэг асуудал гарч байгааг гишүүд шүүмжилж байна.

Мөн уг асуудалтай холбогдуулан шинээр парламентад сонгогдсон УИХ-ын гишүүд төсөвтэй холбоотой чухал хуулийн төслүүдийг дагалдуулан өргөн мэдүүлэхээс илүүтэйгээр бие даасан хуулийн төсөл болгон хэлэлцэх нь зүйтэй гэж үзэж байна. Шинэ гишүүдийн хувьд хуулийн төсөлтэй танилцах судлах хэрэгцээ шаардлага их байна гэдгийг онцолсон юм. Харин өмнө нь төрийн алба хашиж байсан гишүүдийн хувьд тодорхой хэмжээнд энэ талаарх ойлголт өндөр байгаа гэдгээ хэлж байна.  Гэсэн юм.

Ирэх 10 дугаар сард  намрын чуулган албан ёсоор хуралдаж эхэлнэ. Энэ үед  чуулганы хуралдааныг дэгийн дагуу зарчимтай, ёс зүйтэй явуулахыг УИХ-ын тамгын газар болоод УИХ-ын даргад сануулж байсан юм.