Өнгөрсөн онд ОУ-ын эрүүгийн шүүхээс В.Путиныг Украины хүүхдүүдийг эцэг эхийн зөвшөөрөлгүй хил давуулан хулгайлсан дайны гэмт хэрэг үйлдсэн гэж буруутгасан юм. Шүүхийн шийдвэр гарснаас хойш В.Путин ОУ-ын эрүүгийн шүүхийн гишүүн улсад айлчлаагүй байсан ч ирэх сарын 3-ны өдөр тэрээр тус байгууллагын гишүүн хөрш Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод хүрэлцэн очих гэж байна. Шүүхийг үүсгэн байгуулах гэрээ болох Ромын дүрмийн дагуу ОУЭШ-ийн гишүүн орнууд шүүхээс баривчлах тогтоол гаргасан сэжигтнийг нутаг дэвсгэртээ хөл тавьсан тохиолдолд баривчлах үүрэгтэй. Гэтэл ОУ-ын эрүүгийн шүүхэд тогтоолыг хэрэгжүүлэх механизм байдаггүй.
2015 онд Суданы тухайн үеийн ерөнхийлөгч Омар Аль-Башир ОУ-ын эрүүгийн шүүхээс дайны гэмт хэрэгт буруутгагдсаныхаа дараа тус шүүхийн гишүүн Өмнөд Африк улсад айлчилсан ч баривчлагдаагүй. Энэ үйл явдал хүний эрхийн төлөө тэмцэгчид болон Суданы сөрөг хүчний хууль тогтоогчдын уур бухимдлыг төрүүлж, бэлэг тэмдэг төдий шүүхийн шийдвэрийг улс төрчид шүүмжилж эхэлсэн юм. Кремлийн зүгээс ОУ-ын эрүүгийн шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ өмнө нь онцолж байсан бол В. Путиныг Монголд баривчлах эрсдэлийн талаар тайлбар өгөхөөс татгалзлаа. Кремлийн цахим хуудсанд В.Путин Монгол ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар “Халхын голд Зөвлөлт, Монголын зэвсэгт хүчин Японы милитаристуудыг ялсны 85 жилийн ойд зориулсан ёслолын арга хэмжээнд оролцохоор боллоо” хэмээн нийтэлсэн байна.
Өнгөрсөн жил ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин ОУ-ын эрүүгийн шүүхийн гишүүн Өмнөд Африкийн Бүгд Найрамдах улсад зохион байгуулагдсан хөгжиж байгаа эдийн засагтай орнуудын дээд хэмжээний уулзалтыг алгассан юм. Учир нь Өмнөд Африкийн ерөнхийлөгч өөрийн улсын гадаад нэр хүнд, Өрнөдийнхөнтэй байгуулсан дипломат харилцаагаа сэвтүүлэхгүйн тулд В.Путиныг лоббидсон гэж шинжээчид үзэж байгаа юм. Өнгөрсөн жил ОХУ-ын ойрын холбоотон Армени улс ОУ-ын эрүүгийн шүүхийн гишүүнээр элссэнийг Кремлийн зүгээс хүчтэй шүүмжилж, хоёр орны харилцаа хөрж эхэлсэн юм.