Нийслэлд өдөрт дунджаар хөдөө орон нутгийн дугаартай 16-19 мянган тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцдог бол баяр ёслолын үеэр 38 мянга болж өсдөг байна. Үүнтэй холбоотойгоор Улаанбаатар хотод зорчих тээврийн хэрэгслийн тоог бууруулах зорилгоор 9-р сарын 1-ээс эхлэн орон нутгийн тээврийн хэрэгсэл нийслэлд 48 цаг буюу хоёр өдөр зорчвол 1000 төгрөг төлнө. Харин 48 цагаас дээш хугацаанд зорчвол хоног тутамд 5000 төгрөг төлөх зохицуулалт хэрэгжиж эхлэх гэж байна. Энэ зохицуулалт хэрэгжсэнээр өдөр тутам замын хөдөлгөөнд оролцох тээврийн хэрэгслийн тоо таван хувь хүртэл буурах боломжтойг холбогдох албаныхан тодотгож байна.
Орон нутгийн автомашин нийслэлд зорчин зам ашигласны төлбөрийг Нийслэлийн Замын санд төвлөрүүлэх бөгөөд зам засвар арчлалтад зарцуулах юм байна.
Мөн энэ хичээлийн шинэ жилд автомашиныг тэгш, сондгой зорчуулах шийдвэр одоогоор гараагүй байна.
Одоогоор хичээлийн шинэ жилтэй холбоотойгоор эцэг, эхчүүд хүүхдүүдийнхээ хичээлийн бэлтгэл ажил хангаж байгаа учир зах, худалдааны төв, 100 айл чиглэлийн замын ачаалал их байна. Тиймээс холбогдох байгууллагууд нь зам уулзвар дээр зохицуулалт хийх, үзлэг оношилгоонд ороогүй машиныг хөдөлгөөнд оролцуулахгүй байх зэргээр ажиллаж байгаа талаар мэдээллээ.