Хичээл сургалтын үйл ажиллагаа эхлэхтэй зэрэгцэн анги танхимын хүрэлцээгүйн улмаас 3 ээлжээр хичээллэх сургуулиудын асуудал хөндөгддөг. Өнгөрсөн жил 27 байршилд сургуулийн зориулалттай түрээсийн байрыг ашиглаж сургалтын үйл ажиллагааг зохион байгуулсан бол зарим сургуулийн өргөтгөлийн барилгын ажлыг дуусгаж 3 ээлжийн асуудлыг шийдвэрлэсэн. Тэгвэл энэ жил элсэгчдийн тоо их байгаа учраас 36 сургууль 3 ээлжээр хичээллэх юм байна. Үүнээс 29 орчим сургууль нэмэлт сургалтын зориулалттай түрээсийн байрыг ашиглах төлөвтэй байна.
ХЭҮК-д жил бүр сурч боловсрох эрхтэй холбоотой гомдол санал ихээхэн ирдэг байна. Тус байгууллагаас мэдээлснээр сургуулийн барилгын ажлыг өргөтгөх, шинээр барих асуудлыг шийдвэрлэж байгаа хэдий ч энэ нь хүртээмждээ хүрч чадахгүй байгааг хэлж байна. Цаашид энэ хэвээр үргэлжилбэл бол хүүхдийн сурч боловсрох эрх, хүртээмжийн асуудал зөрчигдөж байгааг мэргэжилтэн хэлж байна.
Жилээс жилд сургуульд элсэн оролцогчдын тоо төгсөгчдийн тооноосоо 2 дахин болж өсөж байна. Өнгөрсөн жил 12-р ангийг 30 гаруй мянган суралцагч төгссөн бол энэ жил 1-р ангид элсэгчид үүнээс 2 дахин их буюу 72 мянга орчим болсон байна. Суралцагчдын тооноос үүдэн хичээлийн байрны хүрэлцээ хангалтгүй болж улмаар 3 ээлжээр хичээллэхээс өөр аргагүй нөхцөл байдал бүрдэж байна. 3 ээлжээр хичээллэж байгаа сурагчид оройн 21 цагт тардаг учир гэмт хэрэгт өртөх, даарч хөрөх, нохойнд уруулах зэрэг эрсдэлтэй байгааг мэргэжилтнүүд анхааруулж байна.