Захиргааны хэргийн шүүх дээр ихээхэн хэмжээний мөнгөний асуудал болоод эрх мэдэлтэй хүмүүстэй холбоотой хэрэг явдал  шийдвэрлэгдэлгүй уддаг асуудал гаарсаар байгааг гишүүд шүүмжиллээ
Үерийн эрсдэлтэй бүсэд голын голдирлыг өөрчлөн барьсан барилга байгууламжийг чөлөөлөх ажлын хүрээнд томоохон хоёр барилгыг буулгахаар төлөвлөж “S Outlet” дэлгүүрийг буулгасан. Харин “Акуа Гарден” буюу авлига хороолол хэмээн нэрлэгдээд байгаа  орон сууцны төслийн барилгыг нураах асуудал шүүх дээр одоог хүртэл  хэлэлцэгдэж байна. Тус хорооллын ойр орчмын газар хууль бусаар олгогдсон зэрэг олон хууль зөрчсөн асуудал яригдаж байгаа. Гэсэн хэдий ч асуудлыг цэцэглэхэд хууль хүчний байгууллагын эрх мэдэл хүрэлцэхгүй байгаа талаар УИХ-ын ээлжит бус чуулганаар хөндөгдлөө.

“Акуа Гарден” орон сууцны хорооллыг буулгах асуудал ойролцоогоор 2 жилийн өмнөөс яригдаж эхэлсэн. Голын голдирлыг өөрчилсөн, ойр орчмын газрууд хууль бусаар олгогдсон зэрэг олон асуудал тус хорооллыг буулгахад хүргэсэн. Улмаар өнгөрөгч оны  8-р сард “Акуа Гарден” хотхоныг нураах захирамжийг холбогдох хүмүүст нийслэлийн удирдлагууд танилцуулсан байдаг.  Гэвч уг асуудал даамжирсаар тус хэрэг захиргааны хэргийн шүүхэд шилжсэн юм. Хоёр жилийн өмнөөс угшилтай уг асуудлын шүүхийн шийдвэр өнөөг хүртэл эцэслэгдээгүй байна. Тэгвэл энэхүү асуудал УИХ-ын чуулганаар хэлэлцэгдлээ. Захиргааны хэргийн шүүх дээр ихээхэн хэмжээний мөнгөний асуудал болоод эрх мэдэлтэй хүмүүстэй холбоотой хэрэг явдал  шийдвэрлэгдэлгүй уддаг асуудал гаарсаар байгааг гишүүд шүүмжиллээ.

Харин энэ асуудалд УИХ-ын даргын зүгээс холбогдох албаныханд анхаарал хандуулж ажиллахыг шаардсан юм.  Мөн шаардлагатай гэж үзвэл намрын чуулган эхлэхэд ажлын хэсэг гаргахаар боллоо.

“Акуа Гарден” төсөл нь хуулийн хүрээнд явагдаж байгаа бөгөөд ямар нэгэн байдлаар голын голдирлыг хааж барьсан зүйл байхгүй гэдгийг тус төслийн захирал хэлж байна. Өөрөөр хэлбэл, 2018 оноос хойш газрын зөвшөөрлөөс эхлээд бүх зөвшөөрлийг хуулийн хүрээнд авсан гэх байр суурийг илэрхийлээд байгаа юм.