Монгол улсын 2024 оны төсвийг 3.1 их наяд төгрөгөөр тодотголоо
Өнөөдөр  УИХ-ын ээлжит бус чуулганы хаалтын хуралдаан боллоо.  Улмаар монгол улсын 2024 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн баталлаа. Энэ удаад төсвийн тодотголоор 30,5 их наяд төгрөг болгож 3,1 их наядаар нэмэгдүүлэхээр болж байна. Уг төсвөөр  улс орны өмнө тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх,  инфляцыг 1 оронтой тоонд хүргэх болон зээлжих зэрэглэлийг тогтвортой түвшинд хадгалах зэрэг нөхцөлийг бүрдүүлэх зорилготой юм байна.

Эдгээр хуулийн төслүүдийг хамтатган “Монгол улсын 2023 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” улсын их хурлын тогтоолын төслийг баталсан. Уг төслийг хэлэлцэх явцад нийгмийн даатгалын сан болон эрүүл мэндийн даатгалын сантай холбоотой зөрчилтэй  асуудлууд хурцаар яригдсан юм. Тодруулбал, тус сангуудын нийт 163 тэрбум төгрөг “Капитал” банк болон “Чингис хаан” банкуудад ашиглах боломжгүй хадгалагдаж байгаа юм. Эдгээр сангуудад байршиж байгаа мөнгийг эргэлтэд оруулах,  нийгмийн даатгалын шимтгэлийг бууруулах, хөнгөлөлт үзүүлдэг шинэчилсэн бодлогыг нэвтрүүлэх шаардлагатайг зарим гишүүд шүүмжилж байна.

Эдгээр хуулийн төслүүдийг хэлэлцэх явцад  зарим улсын их хурлын гишүүд дэмжихгүй гэдгээ илэрхийлж байсан юм. Учир нь улс орны төсөв санхүүтэй холбоотой асуудлыг удаан хугацаанд нухацтай шийдвэрлэх шаардлагатай гэх байр суурийг гишүүдийн зүгээс илэрхийлж байна. Мөн нөгөөтээгүүр засгийн газраас өргөн мэдүүлсэн хуулийн төслийг яаралтай горимоор хэлэлцдэг эсвэл ээлжит бусаар хуралдаж хэлэлцэх нь буруу гэж үзсэн юм.