Украины арми ОХУ-ын газрын тосны байгууламжууд руу дроны томоохон цохилт өгсөөр байна

Өнгөрсөн Ням гарагт Украины арми дайн эхэлснээс хойш анх удаа өргөн хүрээг хамарсан дроны довтолгоог ОХУ-ын газар нутагт өгчээ. Довтолгоонд оросын газрын тос, цахилгаан эрчим хүчний байгууламжууд дроны халдлагын гол бай болсныг хэвлэлүүд мэдээлж байна.

Дотоодын нисгэгчгүй онгоцны үйлдвэрлэл нь хурдацтай хөгжиж байгаа Украин улс Оросын эрчим хүч, цэрэг, тээврийн дэд бүтцэд халдлага үйлдсээр байна. Тэгвэл дроны халдлагын хариуд Оросын зэвсэгт хүчин Украины нийслэл Киев болон Баруун хилийн Харьков хотууд руу пуужингийн цохилт өгчээ.

Ням гарагт Украины Ерөнхийлөгч В.Зеленський өрнөдийн холбоотнууддаа хандаж, тэдний илгээсэн зэвсгээр нь Оросын газар нутагт цохилт өгөх зөвшөөрөл олгохыг хүссэн байна. Ийнхүү хоёр жил хагасын турш үргэлжилсэн дайны эгзэгтэй энэ цаг үед талууд харилцан агаарын цохилт өгчээ.

Өнгөрсөн сарын 6-ны өдөр Украины зэвсэгт хүчний хуурай замын анги нэгтгэл хил дамнан дайралт хийснээр Оросын Курск мужид хяналтаа тогтоогоод байгаа юм. Хариуд нь Оросын Батлан хамгаалах яам дайны талбараас тулаанд бэлтгэгдсэн анги нэгтгэлээ татан авахаас татгалзаж, Украины зүүн фронтоор идэвхтэй давшиж байгаа ажээ.

Үүнээс гадна ОХУ-ын Батлан хамгаалах яам Африк тивд үүрэг гүйцэтгэж байгаа Вагнер хөлсний гэрээт цэргийн алба хаагчдыг эргүүлэн татаж эхэлсэн бөгөөд тэднийг Курс муж руу илгээх төлөвлөгөөтэй байгаа гэж шинжээчид үзэж байна.