Бразил улсад дэлхийн хамгийн олон хэрэглэгчтэй цахим платформуудын нэг “X” сүлжээг хориглолоо

Бразил улсын Дээд шүүх дэлхийн хамгийн алдартай нийгмийн сүлжээний нэг болох “Х” сүлжээг орон даяар хаахаар шийдвэрлэжээ. “X” буюу хуучнаар Твиттер компанийн удирдлага Бразилын орон нутгийн хууль тогтоомжийг дагаж мөрдөхөөс татгалзсанаар ийнхүү тус улсад сүлжээгээ хаалгасан байна.

Өнгөрсөн Баасан гарагт Бразилын Дээд шүүхийн шийдвэр гарч, Бямба гаргаас эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн байна. Бразил улсад албан ёсны бүртгэлтэй 22 сая хэрэглэгч хуучнаар твиттер буюу “Х” нийгмийн сүлжээг ашигладаг тооцоолол байгаа юм. Энэ бол тус компанийн хувьд томоохон зах зээлээ эрсдэл гэж шинжээчид үзэж байна. Түүнчлэн Бразилын дээд шүүх VPN буюу байршил солих аппликейшн ашиглан “Х” сүлжээнд хандсан хэрэглэгчдэд 5 мянга болон түүнээс ам.долларын торгуулийн шийтгэл оногдуулахыг анхааруулжээ. Бямба гаргийн өглөө интернэт үйлчилгээ үзүүлэгч болон гар утасны компаниуд хоригийг хэрэгжүүлж эхэлснээр Бразилын сая сая “Х” хэрэглэгчид сүлжээнд нэвтэрч чадахгүй болжээ. Улмаар сүүлийн хоёр хоногт олон мянган Бразилчууд “Х”-тэй ижил төстэй Bluesky хэмээх сүлжээнд нэгдэж эхэлсэн байна.

Өнгөрсөн 2023 оны 1-р сард нийслэл Бразилиа хотод Бразил улсын Ерөнхийлөгч асан Жаир Болсонаругийн дэмжигчид сонгуулийн үр дүнг эсэргүүцэн жагсаал зохион байгуулж, тэр нь даамжирч өргөн хүрээг хамарсан бослого болсон юм. Үүнтэй холбогдуулан Бразилын хууль сахиулах болон шүүх байгууллагаас “Х” сүлжээн дэх ардчиллын эсрэг, хэт барууны үзэлтнүүдийн дуу хоолойг цэвэрлэхийг шаардаж, Илон Маскт шахалт үзүүлэх болсон юм. Жаир Болсонаро болон түүний АНУ-ын холбоотон Дональд Трамп зэрэг баруун жигүүрийн улс төрчидтэй эвссэн Илон маск хувь хүний үг хэлэх эрх чөлөөг дарангуйлж, консерватив үзэл бодлыг цензурлахыг оролдсон гэж Бразилын шүүх байгууллагыг буруутгаж, хэрэглэгчийн мэдээллийг задруулахгүй гэдгээ онцоллоо.