Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулга хэрэгжиж эхэллээ

МУ-ын Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулга энэ 9-р сараас мөрдөгдөж эхэллээ. Тус хуулиар хүүхэд хамгаалалд оролцогч талуудын эрх үүргийг илүүтэй нарийвчлан тодорхойлсон байна. Мөн хуулийн үйлчлэх хүрээг өргөжүүлж, хилийн гадна байгаа монгол улсын харьяат хүүхдэд тус хууль үйлчлэхээр зохицуулжээ.

  • Хүүхэд хамгааллын тухай хуулийн 22-р зүйлд гэр бүл дэх хүүхэд хамгааллын талаар 9 шинэ зохицуулалтыг тусгасан байна. Тухайлбал, 22.6-д “Эцэг, эх хүүхдийн эрх, нэр төрд сөргөөр нөлөөлөх мэдээлэл, дуу, дуу-дүрсний бичвэр, гэрэл зургийг бусдад дамжуулах, цахим орчинд байршуулахыг хориглоно.” гэж заажээ.
  • Мөн хуулийн 22.8-д Хүүхдийн дэргэд согтууруулах ундаа хэрэглэх, эсхүл хэрэглэсэн үедээ хүүхдийн амьдарч, суралцаж байгаа орчин, орон байранд нэвтэрснийг хүүхдийг эрсдэлт нөхцөлд оруулсантай адилтгаж үзэж болно.” гэж заажээ. Хуулийн зүйл заалтыг зөрчсөн иргэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хувь хүнийг 300 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 300 мянган төгрөгөөр торгох юм байна.
  • Үүнээс гадна Хүүхэд хамгааллын тухай энэхүү хуулиар манай улс анх удаа үе тэнгийнхний дээрэлхэлтийг зохицуулдаг болж байна. Хуульд зааснаар гэр бүл болоод боловсролын байгууллагын хүн бүр хүүхдийг үе тэнгийнхний дээрэлхэлтэд өртөхөөс урьдчилан сэргийлэх ёстой юм байна. Хэрэв үе тэнгийнхний дээрэлхэлтэд өртсөн байж болзошгүй эсвэл өртсөн бол дараа дараагийн арга хэмжээг цаг алдалгүй хэрэгжүүлэх юм байна.
  • Түүнчлэн Засгийн газрын гишүүн бүр эрхлэх асуудлын хүрээнд салбарын хүүхэд хамгааллын үйлчилгээний бодлогыг тодорхойлж, шаардагдах зардлыг жил бүрийн төсөвтөө тусгуулах арга хэмжээ авахыг хүүхэд хамгааллын тухай хуулиар зохицуулахаар хуульчилсан байна.

Хүүхдийн тусламжийн 108 дугаарт ирж буй дуудлагын 30 хувь нь үл хайхралтай холбоотой мэдээлэл байдаг ч тухайн асуудалд хуулийн зохицуулалт, хариуцлага хүлээлгэх эрх зүйн орчин хангалтгүй байжээ. Харин шинэ хуулиар хүүхдийг үл хайхарсан тохиолдолд хүчирхийлэл үйлдсэн гэж тооцож, хуулийн хариуцлага хүлээлгэнэ. Мөн энэ нь зөвхөн гэр бүлийн хүрээнд бус бүхий л шатны байгууллагад үйлчлэх юм байна. Тухайлбал, эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдэд харьяалал харгалзахгүй эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлнэ гэж хуульд заажээ.

Хүүхдийн эрх зөрчигдөж буй тохиолдлын 80 орчим хувь нь гэр бүлийн орчинд үйлддэг бөгөөд дийлэнх нь архи согтууруулах ундаанаас үүдэлтэй байна. Тэгвэл хуулийн шинэ зохицуулалтаар хүүхдийн дэргэд согтууруулах ундаа хэрэглэх, эсхүл хэрэглэсэн үедээ хүүхдийн амьдарч, суралцаж байгаа орчин, орон байранд нэвтэрснийг хүүхдийг эрсдэлт нөхцөлд оруулсантай адилтгаж үзэж болно.” гэж заажээ. Тус заалтыг зөрчсөн тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол иргэнийг 300 мянган төгрөгөөр торгох юм байна. Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хүүхэд хамгааллын зохицуулалтыг нарийн чанд тусгаж, хүүхдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж байгаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд долоон нас хүрсэн хүүхдийн үг хэлэх, саналаа илэрхийлэх эрхийг заавал хангана гэж заажээ.

Мөн хуулийн шинэ зохицуулалтаар үе тэнгийн дээрэлхэлт үйлдсэн хүүхэдтэй ганцаарчилсан уулзалт хийх, сэтгэл зүйн зөвлөгөө, үйлчилгээг үзүүлэх, хохирогч суралцагчаас уучлалт гуйлгуулах, хүүхдийн төлөвшилд нөлөөлөх сургалт, үйл ажиллагаанд эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн хамт хамруулах зохицуулалтыг тусгажээ.

Харин иргэд хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулга үйлчилж эхэлснийг төдийлөн мэдэхгүй байна.

Хүүхэд хамгааллын үйл ажиллагаанд төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллага цаашлаад иргэн бүрийн оролцоог хангахаар хуулийн зүйл заалтуудыг боловсруулсан байна. Мөн салбар бүр хүүхэд хамгааллын бодлоготой болж, түүнийгээ хэрэгжүүлэх зардлыг төсөвтөө заавал суулгахыг хуульчилжээ