Хичээл сургалтын үйл ажиллагаа эхлэхтэй зэрэгцэн анги танхимын хүрэлцээгүйн улмаас 3 ээлжээр хичээллэх сургуулиудын асуудал ч хөндөгдөж эхэлж байна. Энэ онд элсэн суралцагчдын тоо их байгаа тул нийт 36 дунд сургууль 3 ээлжээр хичээллэх бөгөөд тэдгээрийн 29 нь нэмэлт сургалтын зориулалттай түрээсийн байр ашиглана гэх урьдчилсан мэдээлэл байна. Тэгвэл зарим сургуулийн түрээсийн байрны орчин нөхцөл ариун цэврийн байгууламж зэрэг нь бага насны хүүхдийг сургах орчныг бүрдүүлж чадаагүйн улмаас тухайлбал, нийслэлийн 62-р дунд сургуулийн 900 гаруй хүүхдийн суралцах эрх зөрчигдөж эхэлжээ.
Энэ хичээлийн жилд нийслэлийн 62-р дунд сургуульд 4400 орчим суралцагч хичээллэнэ. Тус сургууль нь хичээлийн 2 байртай ба 3 дахь байр буюу өргөтгөлийн 640 суудалтай сургуулийн барилгын ажил 2018 онд эхэлсэн ч өнөөдрийг хүртэл ашиглалтад ороогүй хэвээр байгаа юм. Улмаар 1-4-р ангийн 900 гаруй сурагчдыг түрээсийн байранд хичээллүүлэхээр болсон байна.
Түрээсийн байрын орчин нөхцөл нь наад захын хүүхдийн хэрэгцээ шаардлагыг хангаж чадахгүй байгаа тул эцэг эхчүүдийн зүгээс хүүхдээ хичээлд нь суулгахаас татгалзжээ. Улмаар 40 орчим суудалтай нэг ангид 5-6 хүүхэд л хичээллэж байсан юм.
Мөн эцэг эхчүүдийн зүгээс улсын зардлаар өндөр түрээсээр энэ мэт байрыг түрээслэх нь үр ашиггүй шийдвэр гэж үзэж байсан юм. Харин тус сургуулийн захирал Ш.Сарантуяагаас хэчнээн хэмжээний төсөв хөрөнгөөр тус хичээлийн байрыг түрээсэлсэн эсэхийг тодруулахад мэдэхгүй гэх тайлбарыг өглөө.
Тус сургуулийн өргөтгөлийн барилгын ажил нь 2018 оноос эхлэлтэй. Энэ хугацаанд 85 хувийн гүйцэтгэл хийгдсэнээр төсөл гүйцэтгэгч компанийн удирдлагуудад хувийн шалтгаан гарсны улмаас барилгын ажил зогсонги байдалд оржээ. Харин цаашид уг ажлыг үргэлжлүүлэхэд 4.1 тэрбум төгрөг шаардлагатай нийслэлийн хөрөнгө оруулалтын газраас ирэх оны төсөвт уг мөнгийг төсөвлөнө гэдгийг мэдэгдсэн ч шийдэгдэх эсэх нь тодорхойгүй байна.
Энэхүү түрээсийн байр нь өмнө нь нийтийн байрын зориулалтаар ашиглагдаж байжээ. Улмаар нийслэлийн 84-р цэцэрлэг түрээслэн үйл ажиллагаагаа явуулж эхэлснээр сургалтын зориулалтаар ашиглаж эхэлсэн байна. Харин хичээлийн шинэ жил эхлэхээс 2-3 хоногийн өмнө уг байранд үйл ажиллагаа явуулна гэдгийг эцэг эхчүүд мэдсэн тухай ярьсан юм.