Нисэх, яармагийн зам өглөөний 07:00 цагаас түгжирч эхэлж байна

Хичээл сургалтын үйл ажиллагаа эхэлсэнтэй холбоотойгоор замын хөдөлгөөний түгжрэл ачаалал ч өнөөдрөөс эрс нэмэгдэж байна. Тухайлбал, өнөөдөр өглөө Нисэх, Яармагийн зам 7 цаг гэхэд түгжирч эхэлжээ.

Нисэхээс 120 мянгатын гэрлэн дохио хүртэл ойролцоогоор 12 км орчим замын туулдаг. Түгжрэлгүй үед машинтай иргэд 30-40 минутыг зарцуулж явах боломжтой. Гэвч түгжрэл эхлэх үеэр иргэд тус зам дээр 2-3 цагийг зарцуулж байна.

Нийслэлээс түгжрэл бууруулах арга хэмжээг үе шаттайгаар хэрэгжүүлж байгаа ч дорвитой шийдэлд хүрэлгүй өдийг хүрч тус зам түгжирсэн хэвээр байна. Зуны улиралд түгжрэл тодорхой хэмжээгээр багасдаг ч хичээл сургууль эхлэх үеэр мөн өвлийн цагт өглөөний түгжрэл өглөөний 7 цагаас эхэлж иргэдийг бухимдуулсаар байна. Тэгвэл түгжрэл эхэлсэнтэй холбоотойгоор өнөөдөр “20 минутын хот” үндэсний хороо анхдугаар хуралдаанаа хийж тодорхой шийдвэрүүдийг гаргаснаа мэдэгдлээ.

Ийнхүү дан ганц Яармагийн түгжрэл гэлтгүй нийслэл хотын түгжрэлийг бууруулах зорилгоор нийслэлийн захирагчийн ажлын албанаас ulaanbaatar.mn сайтаар иргэдээс дугаарын хязгаарлалт хийх асуудлаар санал асуулга явуулна. Иргэд зөвшөөрсөн тохиолдолд яаралтай горимоор дугаарын хязгаарлалт хийх магадлалтай байна хэмээн мэдэгдлээ.