Европын комисс Монгол улсын эрх баригчдад хандаж ОУ-ын Эрүүгийн шүүхийн шаардлагыг биелүүлж, В.Путиныг баривчлахыг уриаллаа

Даваа гарагт Европын комиссын зүгээс Монгол улсын эрх баригчдад хандаж ОУ-ын эрүүгийн шүүхийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлж, тус улсад төрийн айлчлал хийж байгаа дайны гэмт хэрэгтэн Владимир Путиныг баривчлахыг уриалсан байна. Тэгвэл ОУ-ын тэргүүлэх шинжээчид Монгол улс В.Путиныг баривчлах эсэхээс үл хамааран Өрнөдийн хориг арга хэмжээний нэг хэсэгт багтах нь гарцаагүй гэж үзэж байна.

Европын холбооны гүйцэтгэх засаглал Европын комисс Монгол улсад суугаа суурин төлөөлөгчөөрөө дамжуулан уриалгыг хүргүүлсэн байна. Албаны уриалгад өгүүлснээр “Монгол улс тэртээ 2002 онд Ромын дүрэмд нэгдэн орж, ОУ-ын Эрүүгийн шүүхийн гишүүн болсон бөгөөд тэр цагаас хойш хуулиар хүлээсэн үүрэг хариуцлагаа биелүүлэх ёстой болсон. Бид дарангуйлагч В.Путины айлчлалын талаар санаа зовниж байгаа гэдгээ Монгол улсын эрх баригчдад хэдийн илэрхийлсэн. Тэгвэл албан бичигт В.Путины дайны гэмт хэрэг үйлдсэн болохыг батлах хурлын протоколыг хавсаргалаа.” хэмээсэн байна.

В.Путины Монгол улс дахь айлчлал нь Украинд үйлдсэн дайны гэмт хэрэгт холбогдуулан шүүх түүнийг баривчлах шийдвэр гаргаснаас хойш ОУ-ын Эрүүгийн шүүхийн гишүүн улсад хийж байгаа анхны айлчлал нь болж байна. ОУ-ын Эрүүгийн шүүхээс В.Путин болон түүний орлогч нарын нэг Мария Алексеевна Львова-Белова нарыг Украины эзлэгдсэн бүс нутгуудаас бага насны хүүхдүүдийг албан гаргаж, эцэг эхийн зөвшөөрөлгүй Орос руу шилжүүлсэн хэрэгт буруутгаж байгаа юм.

Нөгөө талд дэлхий нийт Монгол улс шүүхийн шийдвэрийг биелүүлэх эсэхийг анхааралтай хүлээж, найдлага тавьж байна. Гэхдээ Гааг хотод төвтэй шүүх шийдвэрээ хэрэгжүүлэх механизм, арга хэрэгсэл байдаггүй төдийгүй зөвхөн гишүүн орнуудын хууль сахиулах байгууллагад хариуцлага үүрүүлэх журмаар ажилладаг байна.

Мөн Монгол улсын Засгийн газар, Ерөнхийлөгчийн тамгын газар ОУ-ын Эрүүгийн шүүхийн шийдвэрийг биелүүлэх эсэх дээр тайлбар өгөөгүй байна. Хоёр орны төрийн тэргүүн Мягмар гарагт албан ёсны хэлэлцээ хийж, хоёр орны харилцааны хэд хэдэн чухал үйл явдлыг тэмдэглэх төлөвтэй байна.

Дашрамд дурдахад Украины гадаад хэргийн яамнаас дайны гэмт хэрэгтнийг газар нутагтаа нэвтрүүлж, зугтах боломж олгосон Монгол улсад хатуу хариуцлага хүлээлгэхээ мэдэгдэж, энэ асуудлаар Өрнөдийн түншүүдтэйгээ хамтран ажиллахаа онцолсон байна.