Германы муж улсын сонгуульд Хэт барууны үзэлтэй нам дэлхийн 2-р дайнаас хойш анх удаа ялалт байгуулах төлөвтэй байна

Европын тэргүүлэх эдийн засаг болох Герман улсын холбооны 16 мужийн сонгууль үргэлжилж байна. Тэгвэл Германы Хэт барууны үзэл сурталт нам эвсэл дэлхийн 2-р дайнаас хойш анх удаа муж улсын сонгуульд ялалт байгуулсан нь Олаф Шольцийн эвслийн Засгийн газарт томоохон дарамт учруулж байна.

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Германы Саксон, Тюрингия хоёр мужийн сонгуульд дэлхийн 2-р дайнаас хойш анх удаа хэт барууны үзэлтнүүд ялалт байгуулж, дотооддоо засаглах боломж бүрдсэн юм. Энэ санал хураалтын үр дүн нь Канцлер Олаф Шольцийн эвслийн Засгийн газрыг бүрдүүлж байгаа Социал Демократ болон зүүн үзэлтнүүдэд томоохон анхааруулгыг өгснөөс гадна хууль засаглах бүтцийн тогтворгүй байдлыг улам хурцатгах төлөвтэй байна.

Тэгвэл Буурал тивийн хамгийн том эдийн засагтай улсын бүх нийтийн сонгууль ирэх жил болох юм. Харин өнгөрсөн амралтын өдөр болсон Муж улсын сонгуулийн үр дүн бол Германы иргэд цагаачлалын асуудалд сэтгэл дундуур байгаагаас гадна Украин улсад их хэмжээний санхүүгийн дэмжлэгийг улсынхаа төсвөөс үзүүлж байгаа явдлыг эсэргүүцэж байгаа гэдгийн илрэл болсон гэж шинжээчид үзэж байна.

Германы ойрын холбоотон Өрнөдийн блокийн өөр нэг гүрэн Франц улсын эрх баригчид ээлжит бус сонгуулиа өнгөрсөн 6, 7-р сард хийснийхээ дараа Засгийн газраа эмхлэн байгуулахаар тэмцэж байгаа юм. Харин энэ эгзэгтэй үед Германы Засгийн газрын эрх мэдэл ганхаж эхэлсэн нь Европын холбооны бодлогын хэрэгжилтэд саад тотгор учруулж болзошгүй байна.

Өнгөрсөн Ням гарагт Тюрингия, Саксони хоёр мужид Германы Альтернатив хэмээх үндсэрхэг үзэлтнүүдийн нам үнэмлэхүй ялалт байгуулсан нь иргэдийн санаа зовниж байгаа асуудал хаана байгааг ойлгуулсан байна. Одоо Олаф Шольцийн Засгийн газар ирэх жилийн бүх нийтийн сонгууль хүртэл цагаачлалын бодлогоо чангаруулахаас гадна Украин руу илгээх үрэлгэн тусламжаа танах, инфляц зэрэг асуудлаа шийдвэрлэх ёстой гэж үзэж байна.