Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс 7-р сарын сүүлийн 7 хоногт хийсэн судалгаагаар томуу, томуу төст өвчний дэгдэлт өмнөх 3 жилтэй харьцуулахад нэмэгдсэн үзүүлэлттэй гарсан байна. Иймд ЭМЯ-аас 300 мянган тун вакциныг татан авч иргэдийг вакцинжуулж эхэлжээ. Эрүүл мэндийн байгууллагуудын зүгээс томуугийн улирал эхлэхээс сарын өмнө вакцинд хамрагдсанаар томуугаас бүрэн сэргийлэх боломжтой тул иргэдийг вакциндаа идэвхтэй хамрагдахыг зөвлөж байна.
Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс сүүлийн 33 дахь 7 хоногийн буюу 7-р сарын сүүлийн 7 хоногт улсын хэмжээнд бүртгэгдсэн халдварт өвчний судалгааг гаргасан байна. Судалгаагаар томуу, томуу төст өвчний дэгдэлт өвөрмөц явцтай байна гэж гарчээ. Тодруулбал, томуу, томуу төст өвчний дэгдэлт сүүлийн 3 жилтэй харьцуулахад нэмэгдсэн үзүүлэлттэй байна.
Энэ жилийн хувьд манай улс 300 мянган тун томуугийн вакциныг татан авч иргэдийг вакцинжуулж эхэлжээ. Ингэхдээ эрсдэлт бүлгийн хүн ам, хүүхдүүдэд өрхийн эмнэлэг болон сургууль цэцэрлэг дээр эхний ээлжид хийж байна. Өмнөх жилүүдтэй харьцуулахад томуугийн вакцины татан авалт эрт хийгдсэн тул өвчний дэгдэлт харьцангуй буурах магадлалтай гэдгийг албаныхан хэлж байна. Уг вакциныг хийлгэснээр 14-28 хоногийн дотор дархлаажуулалт тогтдог тул ханиад томууны улирал эхлэхээс өмнө вакцинжуулалтдаа хамрагдахыг эмч мэргэжилтнүүд зөвлөж байна.
Иргэдийн хувьд манай улсад өвлийн улиралд томуугийн тархалт ихэсдэг тул томуугийн вакциныг хийлгэх шаардлагатай ч мэдээлэл дутмаг байгаагаа хэлж байна.
Томуугийн өвчлөлөөс гадна эрсдэлтэй халдварт өвчин бол Улаанбурхан юм. Манай улсад өнгөрөгч 7-р сард Улаанбурхан өвчний 3 тохиолдол бүртгэгдсэн байна. Өнөөдрийн байдлаар нийт 13 тохиолдол бүртгэгджээ.
Улаанбурхан өвчин нь вирусний гаралтай, туйлын халдвартай, цочмог халдварт өвчин бөгөөд агаар дуслын замаар хүнээс хүнд дамжин халдварлана. Дархлаажуулалтад хамрагдаагүй, өмнө нь Улаанбурхан өвчнөөр өвдөөгүй бүх насныхан өвдөх эрсдэлтэй учраас иргэдийг олон нийтийн газраар зорчихдоо амны хаалт зүүж вакцинжуулалтад хамрагдахыг эрүүл мэндийн байгууллагаас зөвлөж байна.