Эрүүл мэндийн даатгалын сан төвлөрүүлсэн төсвөөрөө жилийн хугацаанд иргэдийн эрүүл мэндэд шаардлагатай тусламж үйлчилгээг хөнгөлөлттэй үнээр үйлчилгээ үзүүлдэг. Гэвч энэ онд тус санд төвлөрсөн хөрөнгө эрүүл мэндийн тусламж үйлчилгээд бүрэн зарцуулагдаж хүрэхгүй нөхцөл үүссэн байна. Тэгвэл салбарын сайдын зүгээс эрүүл мэндийн даатгалын сангийн энэ оны төсвийг хүргэхийн тулд хэд хэдэн зохицуулалтыг хийх шаардлагатай байгааг хэлж байна
Эрүүл мэндийн даатгалын санд төвлөрөх ёстой 218 тэрбум төгрөг 2021 оноос хойш төлөгдөөгүй байна. Үүнээс үүдэж энэ онд тус сангийн төсөв эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд хүрэлцэхгүй байх эрсдэл тулгарсан талаар салбарын сайд мэдэгдлээ.
Эрүүл мэндийн даатгалын сангийн тухай хуульд зааснаар тус сангийн төсвийг эрт илрүүлэг, хувийн эмнэлгийн санхүүжилт, амралт сувилал, эмийн хөнгөлөлт олгох зэрэг асуудалд зарцуулагддаг байна. Тус сан нь төвлөрүүлсэн төсвөөрөө бүтэн жилийн хугацаанд иргэдийн эрүүл мэндийн шаардлагатай тусламж үйлчилгээг үзүүлэх ёстой юм. Тэгвэл тус сангийн орлого нь даатгуулагчийн өөрөө хариуцан төлсөн шимтгэл, ажил олгогч, даатгуулагчийн төлсөн шимтгэл, төр даатгалыг нь хариуцах иргэдэд улсын төсвөөс төлсөн шимтгэл зэргээс бүрддэг. Тэгвэл улсын хэмжээнд 2 сая 200 мянга орчим иргэний эрүүл мэндийн даатгалыг төр хариуцан төлдөг. Энэ нь манай улсын нийт хүн амын 60 гаруй хувийг эзэлж байгаа юм. Харин үлдсэн 40 гаруй хувь нь л эрүүл мэндийн даатгалаа өөрөө хариуцан төлдөг байна.
Эрүүл мэндийн даатгалаа өөрөө хариуцан төлдөг иргэд даатгалаараа эмнэлгийн тусламж үйлчилгээг авахад хүндрэлтэй байдаг. Учир нь улсын эмнэлэгт үзүүлэх цаг олддоггүй, олдсон ч хэдэн сарын дараа үзүүлэх болдог. Харин хувийн эмнэлэгт тодорхой хэмжээний мөнгө төлж эмчилгээ, үйлчилгээг авах нь цаг алдахгүй, түргэн шуурхай байдаг болохыг иргэдийн төлөөлөл хэлж байна.
Тэгвэл салбарын сайдын зүгээс эрүүл мэндийн даатгалын сангийн энэ оны төсвийг хүргэхийн тулд хэд хэдэн зохицуулалтыг хийж ажиллах шаардлага үүссэн. Иймд ирэх онд эрүүл мэндийн даатгалын тогтолцоог бүрэн шинэчлэх шаардлагатай байгааг хэлсэн юм.