2022 оны байдлаар манай улсын боловсруулах үйлдвэр ДНБ-ний 7.1 хувийг эзэлж байсан бол 2023 онд 6.3 хувь болж буурчээ

Боловсруулах үйлдвэр нь улсын эдийн засаг, иргэдийн амьжиргаанд эерэг нөлөө үзүүлэх хамгийн том хүчин зүйлд тооцогддог. Гэвч жил ирэх тусам манай улсын боловсруулах үйлдвэрийн ДНБ-д эзлэх хувь нь буурсаар байна.

2022 оны байдлаар манай улсын боловсруулах үйлдвэр ДНБ-ний 7.1 хувийг эзэлж байсан бол 2023 онд 6.3 хувь болж буурсан байна. Энэ тоон үзүүлэлтийг 1990 оныхтой харьцуулбал даруй 20 орчим хувиар буурсан үзүүлэлт болж байгаа юм. Жишээлбэл, 1990 онд манай улсын иргэд дотооддоо үйлдвэрлэж байсан чихрийг иддэг байсан үг. Харин одоо энэ нөхцөл байдал өөрчлөгдөж гадны улсаас авч ирсэн тээврийн зардал болон бусад зардал шингэсэн чихэр жимсийг идэж байгаа юм.

Улсын эдийн засгийн тогтвортой байдал нь боловсруулах үйлдвэр, боловсруулах салбартай шууд холбоотой. Энэ ч утгаараа экспортын орлогыг өсгөх чиглэлийн боловсруулах үйлдвэр, импортын гол өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн худалдан авах зардлыг багасгах чиглэлийн боловсруулах үйлдвэр бидэнд нэн түрүүнд чухал байгаа юм. Тодруулбал, гадны улсаас хүнсний барааны ихэнх хувийг импортлон авч ирдэг манай улс энэ чиглэлийн үйлдвэрийг цаашлаад валютын орлогын гол эх үүсвэр болох Уул уурхайн салбарын бүтээгдэхүүнийг боловсруулан, нэмүү өртөг шингээх үйлдвэр бидэнд эхний ээлжид хэрэгтэй юм.

Гадны өндөр хөгжилтэй улсад орнуудад өөрсдийн үйлдвэрлэж буй хүнсний бараа, бүтээгдэхүүн нь улсынхаа иргэдийн хэрэгцээг хангах байдлыг тооцдог. Харин манай улсад энэ талаарх нарийн судалгаа, статистик байхгүй. Энэ судалгааг гаргах нь дотооддоо ямар үйлдвэр барьж, байгуулах хэрэгцээ шаардлага байгааг харуулна. Утаа, түгжрэл зэрэг одоо тулгарч буй асуудалтай ижлээр эдийн засагт гол нөлөө үзүүлэх боловсруулах салбарын судалгаа шинжилгээ, бодит ажлыг хийж хэрэгжүүлэх хэрэгтэй байгаа юм.

Өнөөг хүртэл эдийн засгаа төрөлжүүлье, боловсруулах дотоодын үйлдвэрээ дэмжье гэж ярьж ирсэн ч биелэлт туйлын хангалтгүй байгаа. Үүний шалтгаан нь дотоодын үйлдвэрүүдэд татвар, НДШ-ийн дарамт, ажиллах хүчний хомстол, хөрөнгө оруулалтын орчин зэрэг бэрхшээлтэй асуудлууд үүсдэг. Тиймээс энэ талаарх асуудлыг шийдэхэд бодлого тодорхойлогч нар чиглэх хэрэгтэй байгаа юм.