Энэ нь Хятад улсын Засгийн газар цаашид хилийн чанадад хүүхэд үрчлүүлэхгүй бөгөөд нэг өрх нэг хүүхэд хатуу бодлого болон үүнд хамаарах дүрэм журам бүгд цуцлагдсаныг илтгэж байна. Хятад улс 1992 онд олон улсад үүд хаалгаа нээж, хүүхэд үрчлүүлж эхэлсэн бөгөөд өнгөрсөн 30 гаруй жилийн хугацаанд 160 мянга гаруй хүүхдийг хилийн чанадад үрчлүүлсэн байна. Тэгвэл эдгээр хүүхдүүдийн талаас дээш хувь нь эмэгтэй хүүхэд байсан төдийгүй АНУ-д үрчлэгдсэн байна.
Өнгөрсөн долоо хоногт БНХАУ-ын Гадаад Хэргийн яамнаас Хятадын Засгийн газар хил дамнан хүүхэд үрчлүүлэх бодлогоо олон улсын чиг хандлагад нийцүүлэн тохируулснаа мэдэгдсэн байна. Тухайлбал зөвхөн хоёр тохиолдолд гадаадын иргэдэд Хятад улсаас хүүхэд үрчлэн авахыг зөвшөөрөх юм байна. Энэ нь тухайн гадаадын иргэний гурван үед хамаарах цусан төрөл болон, ойр дотны хүмүүсийн хүүхэд бол хүлээн зөвшөөрнө. Мөн тухайн улсынхаа хуулийн дагуу Хятадын иргэнтэй гэр бүл болсон гадаадын иргэн дагавар хүүхдээ үрчлэн авах эрхтэй бусад тохиолдолд хүлээн зөвшөөрөхгүй гэж тусгасан байна.
Хятадын бодлого боловсруулагчид хүн ам нь хоёр жил дараалан буурсны дараа залуу хосуудыг гэр бүл зохиож, хүүхэдтэй болохыг дэмжиж, татвар, орон сууцны хөнгөлөлттэй зээл олгох зэрэг олон янзын төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байна.
Гэвч Хятад улс нь хүүхэд өсгөх зардал хамгийн өндөр орны тоонд багтаж байгаа нь эмэгтэйчүүдийн төрөлтөд нөлөөлж байгаагаас гадна дэлхий нийтийн ерөнхий чиг хандлага цөөн хүүхэд, хожуу гэрлэлт рүү чиглэж байгаа нь дэлхийн хоёр дахь том эдийн засгийн толгойн өвчин болоод байна.
Хятад улс хүн амаа бууруулахын тулд 1979-2015 онуудад “Нэг өрх нэг хүүхэд” хатуу бодлого хэрэгжүүлсэн. Гэр бүлүүд зөвхөн нэг хүүхэдтэй байхаар хязгаарлагдаж байх үед олонх нь удам залгах эрэгтэй хүүхэд төрүүлэхийг илүүд үзэж, эмэгтэй хүүхдийг үрчлүүлэх нь гол тренд болж байсан юм.