Малчин: Өнгөрөгч 6-р сард хоршоо байгуулан зээлд хамрагдах хүсэлт өгсөн ч одоог хүртэл шийдвэрлэгдээгүй байна
Өнгөрөгч 4-р сард  уламжлалт мал аж ахуйд тулгамдаж буй уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль батлагдсан. Уг хуулийн хүрээнд "Шинэ хоршоо" хөдөлгөөн бий болж малчдад 6 хувийн хүүтэй зээл олгож эхэлсэн. Тэгвэл зарим малчдын хувьд  уг зээлийг авах гэж 2-3 сар хүлээсэн ч шийдвэрлэгдэхгүй хэвээр  байгааг хэлж байна.

“Шинэ хоршоо” хөдөлгөөний хүрээнд 5 жилийн хугацаанд нийт 5 их наяд төгрөгийг малчдад олгохоор шийдвэрлэсэн. Энэ шийдвэрийн хүрээнд 20-иос доошгүй малчин өрх нэгдэж,  амьжиргаагаа дээшлүүлэх, сайн дураар хамтрах, хоршоонд нэгдэн 50 хүртэлх сая төгрөгийг 6 хувийн хүүтэйгээр авах боломж бүрдсэн юм. Одоогийн байдлаар 3467 хоршоо байгуулагдаж  нийт 14.381 малчин уг зээлд хамрагдаад байна.  Ингэснээр нийт 495 тэрбум төгрөгийн зээлийг малчдад олгоод байна. Өнгөрсөн жилийн зудаас шалтгаалан 8 сая гаруй мал үрэгдэж хүндхэн өвлийг давсан. Тэгвэл энэ өвөл  малчид өвөлжилтийг гарз багатай давахын тулд эртнээс бэлдэх нь нэн чухал байгаа талаар ярьж байна. Зарим малчдын зүгээс өнгөрөгч 6 дугаар сард хоршоо байгуулан зээлд хамрагдах хүсэлт өгсөн ч одоог хүртэл шийдвэрлэгдээгүй хэвээр байна.

Увс аймгийн малчип нэгдэн хоршоо байгуулж  480 сая хүртэлх төгрөгийн зээл авах төсөл боловсруулжээ. Уг төсөлд үйлдвэрлэл эрхлэх, тоног төхөөрөмж, худалдан авах, өвөлжилтийн бэлтгэл ажилд зарцуулахаар байсан ч одоог хүртэл шийдэгдээгүй байна.

Хэдийгээр уг зээлийг арилжааны 8 банкаар олгохоор болсон ч ердөө 2 банк малчдад энэ хугацаанд зээл олгожээ. Нийт зээлийн 78 хувийг Төрийн банк олгосон бол 21 хувийг Хаанбанк олгожээ. Харин бусад арилжааны банкууд хөдөө орон нутагт хангалттай хүрэлцэхүйц салбар байдаггүй тул зээлийн олголт удаашралтай байна. Малчдад зээл олгохдоо зээлийн батлан даалтын сангаас 80-100 хүртэлх хувийг нь батлан даахаар шийдвэрлэсэн. Харин зээлийн батлан даалтын сангийн даатгал зөвхөн дээр дурдагдсан 2 банктай гэрээ байгуулжээ. Иймд тус 2 банкын зээл гаргах хэмжээ хэтэрсэн гэдгийг Монголбанкнаас мэдээллээ. Мөн энэ онд 500 тэрбум төгрөгийн зээлийг олгохоор төлөвлөсөн ч зээлийн эрэлт хэрэгцээ өндөр байгаа тул нийт 1 их наяд төгрөгийн зээл болгон нэмэгдүүлэхээр шийдвэрлэжээ.

Цаашид уг зээлийг арилжааны банк бүрээр дамжуулан олгоход анхаарал хандуулах шаардлагатай байгааг малчдын төлөөлөл хүсэж байсан юм.