Шүд цоорох өвчний улмаас хүний биед 200 гаруй төрлийн өвчин, эмгэг үүсдэг
Манай улсад хүүхэд, насанд хүрэгчдийн дунд шүд цоорох өвчний тархалт сүүлийн 40 жилийн хугацаанд 85  хувиас буурахгүй байгаа нь судалгаагаар тогтоогджээ. Шүдний өвчлөлд нөлөөлөх хүчин зүйлсүүд олон ч тэдгээрийн дотроос сахарын орц ихтэй хүнсний бүтээгдэхүүний  өндөр хэрэглээ, мөн урьдчилан сэргийлэх үзлэгт тогтмол хамрагддаггүй зэрэг нь шүд цоорох өвчний гол шалтгаан болсоор байна.

Дэлхийн шүдний холбооноос шүд цоорох өвчний улмаас хүний биед 200 гаруй төрлийн өвчин, эмгэг үүсдэг гэдгийг баталж зарласан байдаг. Шүдний өвчтэй хүүхдүүд эрүүл өсөж торних боломжгүй гэдгийг мэргэжилтнүүдийн зүгээс хэлж байна. Тэгвэл судалгаагаар сургууль, цэцэрлэгийн орчинд зарагдаж байгаа хямд, эрүүл бус хүнснээс хүүхдүүд өдөр бүр худалдан авдаг, 2 хүүхдийн 1 нь чихэрлэг ундааг, 5 хүүхдийн 4 нь чихэрлэг хүнсийг өдөр бүр хэрэглэдэг болохыг тогтоосон байна. Иргэдйн дунд урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоог явуулаад багагүй хугацааг өнгөрүүлсэн. Энэ хугацаанд үзлэг оношилгоонд хамрагдсан 0-17 насны 3 хүүхэд тутмын 2-т нь 1-ээс дээш шүд цоорсон, шүдний өвчлөлтэй болох нь тогтоогджээ. Шүдний өвчлөл нь хүний биед олон төрлийн өвчин, эмгэг, тэр дундаа зүрх, бөөрний өвчлөлд хүргээд зогсохгүй цаашлаад хавдарт хүргэх эрсэлтэй гэдгийг мэргэжилтэн анхааруулж байна.

Иргэд шүд нь өвдөхөд тэр бүр цаг гаргаж эмчид үзүүлдэггүй өвчин намдаах эм, ам зайлах бүтээгдэхүүн болон гэртээ дур мэдэж эмчилгээ хийдэг. Улмаар шүдний цооролт нь даамжирсаар идээт үрэвсэл  үүсгээд зогсохгүй  үрэвсэл нь цааш цусанд халдвар болон орсноор зарим тохиолдолд хүний амь эрсдэхэд хүргэдэг байна. Судалгаагаар манай улсад идээт үрэвслийн хүндрэлээр жилдээ 18-45 насны 2-3 хүн нас бардаг байна. 

Мэргэжилтнүүдийн зүгээс иргэд урьдчилан сэргийлэх үзлэгийг төдийлөн ойшоодоггүй шүдний өвчлөлөө хүндэрсний дараа эрүүл мэндийн байгууллагад ханддаг гэдгийг хэлж байна. Хэрэв урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдаж зөвлөгөө мэдээлэл авбал аливаа эрсдэлээс өөрийн бүрэн хамгаалах боломжтой.  Тиймээс урьдчилан сэргийлэх үзлэгт 3 сар тутамд хамрагдахыг мэргэжилтнүүд зөвлөж байна.