Иргэд байр сууцны хэрэгцээг түрээсийн орон сууцаар зохицуулах боломжтой байдаг. Ялангуяа орон сууц худалдан авах бололцоогүй, эсвэл суурин газарт түр оршин сууж байгаа иргэдийн хувьд түрээсийн байр нь хамгийн боломжит хувилбар юм. Гэвч өнөөгийн нөхцөлд цалингийн дундаж орлоготой иргэн 1-2 өрөө түрээслэж амьдрах боломжгүй байна.
-
Тухайлбал, 2024 оны нэгдүгээр улирлын үзүүлэлтээр манай улсын цалингийн дундаж орлого 1 сая 800 мянган төгрөг байгаа бол 1 өрөө байрны түрээсийн дундаж үнэ 1 сая 500 мянга байна.
-
Харин 2 өрөө байр байршлаасаа хамаарч 1,5 саяас 4 сая төгрөгний өртөгтэй байгаа бол 3 өрөө байрны сарын түрээс хамгийн багадаа 2 сая төгрөгөөс эхэлж байна.
-
Тэгвэл бодит тооцооллоор дийлэнх иргэдийн гар дээрээ авч байгаа цалин 900 мянгаас 1 сая 200 мянган төгрөг байна. Энэ нь гэр бүл дотор ганцаараа хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүсийн хувьд нэг өрөө байр ч түрээслэх боломжгүй нөхцөл байдал юм.
-
Албан бус тооцооллоор нийслэлийн нийт хүн амын 50 хувь нь ямар нэгэн байдлаар түрээсийн байр, сууцад амьдарч байгаа. Гэвч манай улсад энэ тал дээр ямар нэгэн зохицуулалт байдаггүй бол солонгос, япон зэрэг азийн улс орнуудад түрээсийн байрны стандарт, үнийг тогтоож өгсөн байдаг байна. Тухайлбал, солонгост түрээсийн байрны үнийг зах зээлийн нөхцөл байдлаас үл хамааран 300-800 мянган вонны үнэтэй байхаар хуульдаа заасан байдаг байна.
Татвар шимтгэлээ төлж гар дээр авдаг цалингынхаа дийлэнхийг түрээсийн байрны төлбөр эсвэл ипотекийн зээлд татуулдаг нь манай улсын залуусын дийлэнхд нь тохиолдох асуудал болсон. Тэр дундаа жилийн энэ үед буюу 8, 9-р сард түрээсийн байрны эрэлт хэрэгцээ эрс нэмэгддэг байна. Учир нь хөдөө нутгаас жилд 40 мянга гаруй оюутан ирдэг ч ердөө 20 хувь нь л дотуур байранд орж чаддаг байна. Мөн хүүхдийнхээ хичээл сургуультай ойртох гэсэн иргэд ойр орчмынх нь орон сууцыг түрээслэж амьдрах хандлага их байна.
Түрээсийн орон сууц өндөр төлбөртэйгөөс гадна төлбөрийн нөхцөл нь хамгийн багадаа 3+1 буюу 3 сарын түрээсийн төлбөр дээр нэмэх нэг сарын барьцаа мөнгө авах байдлаар явагддаг байна. Энэ нь байр хайж иргэдэд ихээхэн хүндрэл учруулдаг байна.
Жил ирэх тусам түрээсийн байрын төлбөр нэмэгдэж байгаа нь бусад бараа бүтээгдэхүүний үнийн өртөг, инфляц мөн эрэлт хэрэгцээтэй шууд холбоотой гэдгийг үл хөдлөх салбарын мэргэжилтэн хэлж байгаа юм.
Ийнхүү түрээсийн байрны эрэлт хэрэгцээ их, үүнийг дагасан үнийн өсөлтийг дагаж иргэд залилуулах хохирох асуудал ч цөөнгүй байна. Гэвч манай улсад түрээсийн орон сууцны асуудлыг шийдвэрлэх ямар нэгэн зохицуулалт үйлчилдэггүй бол япон, солонгос зэрэг азийн орнуудад хуулийн зохицуулалтаар шийдвэрлэсэн байдаг байна. Тухайлбал, бнсу л гэхэд түрээсийн байрны үнийг 300-800 мянган воны үнэтэй байхаар хуулиар зохицуулжээ.