Өнгөрсөн Ням гарагт АНУ-ын Ерөнхийлөгч асан Доналд Трамп Флорида мужид гольф тоглох үеэр зэвсэгт этгээд ногоон талбайн ойролцоо бутан дундаас гал нээсэн хэрэг гарсан юм. Хуулийн байгууллагаас Доналд Трампын амь насанд халдах оролдлого гарсан гэж үзэн сэжигтнийг баривчлан, эрүү үүсгэн шалгаж эхэлжээ.
АНУ-ын хууль сахиулах байгууллага гольфийн талбайн ойролцоо гарсан хэргийг Ерөнхийлөгч асан Дональд Трампын амь насанд халдах оролдлого байж болзошгүй хэмээн шалгаж байна. Амралтын өдөр болсон хэргийн улмаас хэн нэгэн гэмтэж бэртээгүй гэдгийг холбогдох албанаас мэдээлсэн байна.
58 настай эрэгтэйг зэвсэгт халдлага болон бусдын амь насанд заналхийлсэн хэрэгт буруутган баривчилснаа холбооны мөрдөх товчооноос мэдээлжээ. Тэгвэл тухайн хэргийн сэжигтэн нь 2014 оноос хойш Украины тэмцэлд дэмжлэг үзүүлж байгаа идэвхтэн бөгөөд 2022 онд Украины дайн эхэлсний дараа Киевт очиж армид элсэх гэж оролдсон ч тэнцээгүй байна. Улмаар Украины армийн арын албанд ажиллаж байгаад өнгөрсөн жил эх орондоо буцсан гэж мэдээлж байна.
Мөрдөн байцаагчид түүнийг "Украинтай холбоотой гомдол, тэр дундаа Доналд Трампын энэ асуудлаарх байр сууринд бухимдсан" эсэхийн шалгаж эхэлсэн байна. Гэхдээ одоогоор хэргийн сэдэл тодорхойгүй байгаа юм байна.
Энэ явдлын дараа Трампын АН-ын өрсөлдөгч, Дэд ерөнхийлөгч Камала Харрис мөн мэдэгдэл хийсэн байна. Тэрээр "Өнөөдөр Ерөнхийлөгч асан Трампын амь насанд халдах оролдлого гарсанд би маш их бухимдаж байна. Би улс төрийн хүчирхийллийг буруутгаж байна. Улс төрийн зөрүүтэй байр сууриас үүдэлтэй хүчирхийллийн гэмт хэрэг гаргахгүй байхын тулд хичээн ажиллах ёстой” хэмээн хэлсэн байна. Ийнхүү хоёр сарын хугацаанд Д.Трампын амь насанд халдахыг завдсан хоёр ч хэрэг бүртгэгдлээ. Тухайлбал өнгөрсөн 7-р сард сонгуулийн сурталчилгааны үеэр тэрээр буудуулж, чихэндээ шархадсан юм.