Өнгөрсөн Бямба гарагт Европын комиссын удирдлагууд эвслийн гишүүн орнуудын тариаланчдад олгодог татаасаа нэмэгдүүлэх боломжтой хэмээн мэдэгджээ. Энэ оны эхээр Европын тариаланчид шатахуун түлшний үнийн өсөлт, бүтээгдэхүүний эрэлт сул байгаатай холбогдуулан төр засаг болон Европын холбооны зүгээс олгох татаасыг нэмэгдүүлэхийг шаардаж, өргөн хүрээний жагсаал цуглаан зохион байгуулсан нь ийнхүү үр дүнгээ өгсөн байна.
Европын комисс Европын холбооны гишүүн орнуудад хөдөө аж ахуйн хамтын бодлогын сангийн урьдчилгаа төлбөрийг шилжүүлэхээ онцолж, 10-р сараас эхлэн шийдвэрийг гүйцэлдүүлэх гэж байна.
Европын холбооны гишүүн орнуудын газар тариалан эрхлэгчид сүүлийн жилүүдэд ургацад нөлөөлсөн цаг агаарын эрс тэс үзэгдэл, европын санхүүгийн зах зээл дээрх өндөр хүү, хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн, түүхий эдийн өндөр үнэ зэргээс шалтгаалан хөрвөх чадварын асуудалтай тулгарсаар байгаа юм.
Энэ оны эхээр тариаланчид орлого нь буурсан, Украины хямд хүнсний импорт, дарамттай зохицуулалт, шударга бус өрсөлдөөн зэргийн эсрэг арга хэмжээ авахыг шаардаж, хурдны замуудыг хаан эсэргүүцлээ илэрхийлсэн юм. Тиймээс Европын холбоо зайлшгүй хариу арга хэмжээ авах шаардлагатай болж татаасаа ийнхүү нэмэгдүүлж эхэлжээ.