Нарнаас ирдэг хэт ягаан туяаг өөртөө шингээн, шүүж авснаар хүний эрүүл мэндийг хамгаалж, уур амьсгалын өөрчлөлтөөс сэргийлдэг озоны үе давхаргыг хамгаалах дэлхийн өдөр өнөөдөр тохиож байна. Манай улс 1996 онд озоны давхаргатай холбоотой олон улсын протоколд нэгдэн орсон бөгөөд холбогдох яамнаас озоны давхаргыг хамгаалах чиглэлд ажиллаж байна.
Озоны давхаргагүйгээр бид олон аюул эрсдэлтэй нүүр тулах юм. Тухайлбал, озоны давхарга нь хүний дархлааг унагадаг. Үүнээс шалтгаалж хүн төрөлхтөн ямар ч өвчнийг эсэргүүцэх, тэмцэх чадваргүй болж өвчлөл ихсэх юм. Тэр дундаа нүдний цагаа унаж, болор цайрах, төрөл бүрийн арьсны халдвар өвчин үүсэх, тархах гэх мэт эрсдэлүүдийг нэрлэж болно. Тиймээс озоны давхаргыг хамгаалах чиглэлд дэлхий нийт анхааран ажиллаж байна.
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Озоны үндэсний албанаас озоны давхаргыг хамгаалах чиглэлд ажиллаж байгаа буюу хил гаалиар орж ирж байгаа бодисыг хянах, гаалийн ажилчдыг чадавхжуулж, сургалт орох, багаж тоног төхөөрөмжөөр хангах зэргээр ажилладаг байна.
Энэ жил дэлхийн озоны өдрийг “Уур амьсгалын өөрчлөлтийг зөөлрүүлэх” уриатайгаар тэмдэглэж байна. Учир нь хойд туйл уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалан 7-8 жилийн дараа буюу 2030 оны үед зундаа ямар ч мөсгүй болохыг эрдэмтэд анхааруулж байгаа юм. Тиймээс хүлэмжийн хийг өөртөө агуулсан хөргөлт-агааржуулалтын бодисыг хэрэглээнээс халах нь дэлхийн дулаарлыг сааруулах гол хүчин зүйл болж байна.