Өнгөрсөн 2023 онд дэлхийн хэмжээнд сонгогчдын ирц буурснаас гадна олон сонгуулийн үр дүнгүүд маргаан дагуулсан зэрэг нь ардчиллын үнэт зүйл, итгэл үнэмшилд аюул заналхийлэл учруулж эхэлснийг судлаачид хэлж байна. Тодруулбал, олон улсын засгийн газар хоорондын хяналтын байгууллагын өнгөрсөн жил явуулсан судалгаагаар чөлөөт шударга сонгуулийн индекс түүхэнд байгаагүй доод түвшинд хүрсэн байна.
Стокгольм хотод төвтэй Ардчилал, сонгуулийн туслалцааны олон улсын хүрээлэнгээс нийтэлсэн тайланд, өнгөрсөн 2023 онд ардчиллын төлөв байдлын индексийн нийт үзүүлэлтүүд бүхэлдээ буурсныг дурдсан байна. Мөн 1975 онд төрлийн индекс анх боловсруулж эхэлснээс хойш ардчиллын амин чухал үзүүлэлтүүд ийнхүү 8 дахь жилдээ дараалан буурлаа.
Судлаачид дэлхийн ардчиллын төлөв байдлын индексийг боловсруулахдаа 100 гаруй хувьсагч амин чухал үзүүлэлт дээр үндэслэдэг бөгөөд гүйцэтгэлийг ангилахдаа төлөөлөл, эрх, хууль дээдлэх ёс, нийгмийн оролцоо гэсэн 4 үндсэн ангиллаар шалгуураа тогтоодог байна. Тэгвэл төлөөллийн ангиллын дотор дагавар шалгуур болох чөлөөт, шударга сонгууль, парламентын хяналттай холбоотой ардчиллын индекс нь өнгөрсөн 2023 онд түүхэн дэх хамгийн тааруу үзүүлэлтэд хүрсэн байна.
Тэгвэл Ардчилал, сонгуулийн туслалцааны олон улсын хүрээлэнгийн Ерөнхий нарийн бичгийн дарга Кевин Касас-Замора илтгэлдээ "Энэ судалгааны үр дүн нь ардчилсан сонгуулийг хамгаалах чиглэлд шуурхай арга хэмжээ авах хэрэгтэйг харуулж байгаа төдийгүй ардчиллын амжилт олон зүйлээс шалтгаалах хэдий ч чөлөөт сонгууль явуулж чадахгүй бол энэ нь бүхэлдээ үр дүнд хүрэхгүй” гэдгийг хэлсэн байна.
Тэгвэл сонгогчдын бүртгэл, санал тооллогыг хуурамчаар үйлдэх зэрэг засгийн газар, улс төрийн оролцоотой айлган сүрдүүлэх, сонгуулийн үйл явцтай холбоотой зөрчлүүд өсөн нэмэгдэж байгааг тус судалгааны төвийн тайланд дурдсан байна. Түүнчлэн сонгуулийн сурталчилгааны кампанит ажилд гадны хөндлөнгийн оролцоо, худал мэдээлэл тараах, хиймэл оюун ухааныг ашиглах зэрэг нь сорилтуудыг нэмэгдүүлж байгааг онцолжээ.