Чанаргүй шугам хоолойноос шалтгаалж Яармаг орчмын айл өрхүүд зэвтэй ус хэрэглэж эрүүл мэнд, эдийн засгийн хохирол амссанаар багагүй хугацаа өнгөрлөө. Тэгвэл тус бүсэд зэв үүсгэж буй гол шугам хоолойг солих ажлыг ирэх 10-р сард бүрэн дуусгах төлөвлөгөөтэй байгааг УСУГ-аас мэдээллээ.
Зэвтэй уснаас үүдэн хувцас хэрэглэл өнгө орохгүй шарлах, хумс, үсэнд хүртэл өөрчлөлт үүсэж, бага насны хүүхдүүдэд тууралт өгөх асуудал үүссээр байгааг оршин суугчид хэлж байсан юм. Мөн тэд өдөр тутамдаа худгаас ус зөөх, баллонтой ус худалдаж авах, шүүлтүүр хэрэглэж байгаа учир өрхийн эдийн засагт нь ч дарамт учирч байгаа юм.
Яармаг орчмын хотхон хорооллын усанд зэв үүсгэж байгаа чанаргүй 4.8 км урттай гол шугам хоолойг солих ажлыг өнгөрсөн 6-р сард УСУГ-аас эхлүүлсэн. Одоогоор зэв үүсгэж байгаа чанаргүй 500 метр гаруй усны шугамыг солиод байгаа ч ажил удаашраад байгаа юм. Учир нь шугам угсралтын материал худалдан авах тендерийг 2 удаа зарлаад байгаа ч одоогоор материал нийлүүлэх компани тодроогүй байгаа хэвээр байна. Гэсэн ч Яармаг орчмын зэвтэй ус үүсгэж байгаа гол шугам хоолойг солих ажлыг гүйцэтгэж байгаа УСУГ-аас энэ 10-р сардаа багтаан үлдсэн шугамыг сольж дуусгахаар төлөвлөж байгаа гэдгээ мэдээллээ.
Яармаг орчмын хотхон хорооллын усанд зэв үүсгэж байгаа стандартын шаардлага хангаагүй усны шугамыг солих ажилд нийслэлийн төсвөөс 6 тэрбум төгрөгийг төсөвлөсөн юм. Хэрэв энэ гол шугам хоолойг сольсон ч ус нь зэвтэй, үнэртэй, тостой гарч байвал орон сууц барьсан компанидаа шаардлага тавьж өөрийн байр луу татсан шугамыг солиулах хэрэгтэй юм. Цаашлаад зөвхөн Яармаг орчмын байр гэлтгүй нийслэлийн олон байршилд чанаргүй шугам хоолой тавьснаас үүдэж усны асуудал үүсэж байна. Тиймээс тухайн барилгыг хүлээн авч байгаа эрх бүхий албан тушаалтнууд хариуцлагатай байх хэрэгтэй. Нөгөө талаас чанаргүй шугам хоолой тавьж байгаа барилгын компаниуд ч иргэдийг хохироохгүй байх хэрэгтэй гэдгийг оршин суугчдын зүгээс хэлж байна.