Тэрбумтан Илон Маскийн стартап бизнесийн нэг neuralink компани нүдний хараагүй болсон, харааны мэдрэлээ алдсан хүмүүст туслах зорилгоор шинэлэг төхөөрөмж зохион бүтээсэн нь олон нийтийг гайхширалд оруулж байна. Мягмар гарагт АНУ-ын хүнс, эмийн чанарын хяналтын газар тус компанийн зохион бүтээсэн төхөөрөмжийг албан ёсоор бүртгэж авсан төдийгүй "Шинэлэг төхөөрөмж" гэж нэрлэсэн байна.
Илон Маск Blindsight хэмээх уг туршилтын төхөөрөмж нь хүний холын харааг сайжруулаад зогсохгүй, хоёр нүдний мэдээ дамжуулах сувгийн хэвийн үйл ажиллагаа нь алдагдсаныг хүртэл эмчилнэ гэдгийг онцолсон байна. Гэвч төхөөрөмжийг хэзээ хүн төрөлхтөнд турших, мөн хэрэглээнд нэвтрүүлэх талаар дэлгэрэнгүй тайлбар өгөхөөс татгалзсан байна.
2016 онд Илон Маск хэсэг инженерүүдийн хамтаар үүсгэн байгуулсан Neuralink компани нь хүний гавлын ясанд суулгаж болох тархины чип бүтээж байгаа бөгөөд энэ чип нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст дахин эрүүл хүн шиг хөдөлж, нийгмийн харилцаанд орох боломжийг олгох юм байна.