Нийслэлийн 55-р дунд сургууль тусгай хэрэгцээт хүүхдүүдийг бариста мэргэжлээр сургаж эхэллээ

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн сурч боловсрох эрхийг хангах зорилгоор өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 2 цэцэрлэг, 6 сургууль үйл ажиллагаа явуулж байна. Тэдгээрийн нэг Нийслэлийн ерөнхий боловсролын 55-р сургууль ахлах ангийн сурагчдыг тогооч, бариста зэрэг 4 мэргэжлээр сургаж эхэлсэн байна. Ингэснээр тэд сургууль төгсөхдөө мэргэжилтэй болоод зогсохгүй мөн ажилд зуучлагдах бүрэн боломжтой болжээ.

Улсын хэмжээнд тусгай хэрэгцээт хүүхдүүдэд боловсрол олгох зорилгоор 2 цэцэрлэг, 6 сургууль үйл ажиллагаагаа явуулж тэдгээр сургуульд 12 мянга гаруй хүүхэд сурч Ерөнхий боловсролын мэдлэгийг авч байна. Тэгвэл тусгай хэрэгцээт хүүхдүүдэд боловсрол олгодог сургуулиудын нэг болох Нийслэлийн ерөнхий боловсролын 55-р сургууль нь үйл ажиллагаагаа явуулаад 40 гаруй жилийн нүүрийг үзжээ. Тус сургуулийн зүгээс 2010 оноос хойш хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд мэргэжил олгох зорилгоор сургалтынхаа хөтөлбөрт тогооч, зочид буудлын үйлчилгээний ажилтан зэрэг мэргэжлүүдийн хичээлийг оруулж иржээ. Ингэснээр тэдгээр хүүхдүүд Ерөнхий боловсролын сургуулиа төгсөхдөө мэргэшсэн боловсон хүчин болж төгсөх бүрэн боломжтой болжээ.

Тус сургуулийн зүгээс мэргэжилийн ангиудаа өргөтгөж баристаар хүүхдүүдээ сургаж эхэлсэн байна. Ингэхдээ сургуулийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд хичээл заадаг өөрсдийн багш нараа мэргэжлийн сургалтанд хамруулан нэмэлт хичээл заалгаж байна. Ингэснээр ахлах анги буюу 10-12-р ангийн сурагчид өөрийн сонирхлоор нэмэлтээр баристагаар сурах боломжтой боллоо.

Өнөөдрийн байдлаар тус сургуулийн 10-р ангийн 12 сурагч, 12-р ангийн 9 сурагч тус чиглэлээр мэргэжлийн хөтөлбөрт хамрагдаж эхэлсэн байна. Сурагчдад 7 хоногийн 12 цагийн мэргэжлийн хөтөлбөр орж байгаа бөгөөд онолын танхим болон практикийн дадлага хийх иж бүрэн техник хэрэгсэл, кофе шопоор хангагдаж чаджээ. Ингэснээр тус хөтөлбөрт хамрагдсан хүүхдүүд кофе, нарийн боов, бялуу зэргийг хийж сурсан байна.

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн хувьд юмыг удаан сурах хандлагатай байдаг ч эдгээр мэргэжилээр мэргэших бүрэн боломжтой байдгийг тус сургуулийн багш нар хэлж байсан юм.

Мөн тэдгээр хүүхдүүд сургуулиа төгсөөд гэртээ халамжийн мөнгө харж амьдрах бус харин бусадтай хөл нийлүүлж, нийгмийн харилцаанд чөлөөтэй орох бүрэн боломж бүрджээ. Өнөөдрийн байдлаар зөвхөн тус сургуулиас мэргэжилтэй ажилтай боловсон хүчин бэлтгэгдэн гарч байна. Цаашид тус сургуулийн сайн жишгийг дагаж бусад тусгай хэрэгцээт сургуулиуд ч мөн адил тус хүүхдүүдэд зориулсан боловсрол олгох хөтөлбөрийн сургалтынхөө хөтөлбөрт шингээх нь чухал байгаа юм.