Иргэдийн аюулгүй, амар тайван амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор зарим арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Засгийн газрын хуралдаанаас холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо. Уг ажлын хүрээнд нийслэл хотод болон хөдөө орон нутагт теле камерын хяналтын нэгдсэн төвийг нийт 30 орчим тэрбум төгрөгөөр байгуулахаар болжээ.
Ингэснээр улс орон даяар нийт нутаг дэвсгэрийн нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбай болон аж ахуйн нэгж, байгууллагын гадна орчинд суурилуулсан хяналтын камерыг нэгдсэн сүлжээнд холбох, хяналт тавих чиг үүрэг бүхий “Теле камерын хяналтын дэд төв”-ийг холбогдох хууль тогтоомжийн дагуу стандартад нийцүүлэн, шийдвэрлэхийг аймаг, нийслэл, дүүргийн засаг дарга нарт үүрэг болгосон байна. Өнгөрсөн хугацаанд гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор тавьсан нийт камерын ердөө 30 хувь нь хэвийн ажиллагаатай байсан бөгөөд камержуулалтад зарцуулсан төсвийн 40 хувь нь үр дүнгүй зарцуулагдсан нь тогтоогджээ.
Өнөөдрийн байдлаар нийслэл Улаанбаатар хотод 70 орчим мянган камер ажилладаг бол хөдөө орон нутагт 50 мянган камер, мөн улсын хэмжээнд ААНБ-ууд гадна орчныхоо аюулгүй байдлыг хангах зорилгоор нийт 120 мянга хяналтын камер ажиллуулж байна. Нийт камерын 85 хувь нь хэвийн ажиллаж байна. Улс орон даяар камержуулалтыг сайжруулахтай уялдуулан холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулахаар төлөвлөсөн байна.