2014 онд дэлхийн цахилгаан хүчний үйлдвэрлэд цөмийн эрчим хүчний эзлэх хувь 9 орчим байсан бол одоо хэрэглээ, эрэлт өсөн нэмэгдэж 11 хувьд хүрээд байна. Мөн одоо баригдаж байгаа болон баригдахаар хүлээгдэж байгаа цөмийн реакторуудын дийлэнх нь ази тивд хуваарилагдаж байна. Өнгөрсөн 20 жилийн хугацаанд дэлхий даяар 107 цөмийн реактор хэрэглээнээс гарч, үүдээ барьсан бол мөн хугацаанд 100 гаруй дэвшилтэт технологийн шийдлийг агуулсан атомын цахилгаан станц, реакторууд ашиглалтад оржээ. Геополитикийн нөхцөл байдал хүндэрсэнтэй холбогдуулан улс орнууд эрчим хүчний бие даасан байдалдаа анхаарал хандуулж эхэлснээр өнгөрсөн хоёр жилийн хугацаанд цөмийн реактор эргэн олны анхаарлыг татаж эхэлжээ.
Тухайлбал ураны томоохон олборлогч, нөөцөөрөө дэлхийд тэргүүлэгч, энэ зах зээлийн гол тоглогч казахстан улс цөмийн эрчим хүчний туршлагагүй бөгөөд ирэх сарын 6-ны өдөр цөмийн станц, реактор барих асуудлаар бүх нийтийн санал асуулга явуулахаар бэлтгэж байна. Түүхийг сөхвөл казахстан улс 1999 оныг хүртэл ЗХУ-ын үед баригдсан нэг цөмийн реакторыг ашиглаж байсан ч идэвхтэй хөгжүүлэлт хийлгүй өдийг хүрсэн байна. Тус улсад албан ёсны санал асуулга эхлэхээс өмнө иргэд, оршин суугчид атомын цахилгаан станцад эерэг хандлагатай байгаа нь тогтоогдсон байна. Харин албан ёсны санал асуулгын дүн эерэг гарах юм бол Казахстан улс Балхаш нуурынхаа эрэг дээрх Улкен хэмээх газар реактораа барих юм байна. Ингэснээр казахстан улс нүүрсэн цахилгаан станцуудыг цөмийн реактороор орлуулах томоохог кампанит ажлаа эхлүүлэх бөгөөд Алмата 2035 он гэхэд үндэснийхээ эрчим хүчний үйлдвэрлэлийн 5 хувийг ийм эх үүсвэрээр хангах ойрын зорилготой байна.
АНУ-ын цахилгаан эрчим хүчний томоохон компаниудын нэг Constellation Energy-гийн зүгээс ирэх 20 жилийн хугацаанд технологийн аварга майкрософтын дата төвүүдийг эрчим хүчээр хангах үүрэг хүлээсэн юм. Энэ ажлын хүрээнд тус эрчим хүчний компани Three Mile Island цөмийн станцын үйл ажиллагааг сэргээхээр төлөвлөж байна. Ашигт ажиллагаа муудсаны улмаас 2019 онд хаагдсан 1-р реакторын байгууламжийг сэргээхэд 1.6 тэрбум доллар зарцуулна гэдгийг эрчим хүчний Соnstellation Energy компаниас мэдэгдсэн байна. 1979 онд Three Mile Island атомын цахилгаан станцын 2-р блокийн реактор задарч, цацраг идэвхт алдагдсан нь АНУ-ын түүхэн дэх хамгийн ноцтой цөмийн осол болж бүртгэгдсэн юм. Улмаар Three Mile Island цөмийн станцын үйл ажиллагааг зогсоож байжээ.