Сүүлийн хоёр жилийн хугацаанд цахилгаан дугуйны нэг төрөл болох сурроны хэрэглээ ихсэхийн хэрээр энэ төрлийн тээврийн хэрэгсэлтэй холбоотой зам тээврийн осол нэмэгдэж байна

Сүүлийн үед авто замын осол, гэмтлийн тэргүүлэх шалтгаан болж байгаа цахилгаан тээврийн хэрэгслийн нэг суррон унаж, хөдөлгөөнд оролцох шинэ зохицуулалтыг хэрэгжүүлэхэд бэлэн болжээ. Тус зохицуулалтыг нийгэмд таниулах, сурталчлах нөлөөллийн аяныг нэг сарын хугацаанд хэрэгжүүлэх юм байна. Ингээд уг зохицуулалтын зарим нэг мэдээллийг танилцуулая.

  • Суррон нь техникийн үзүүлэлтээрээ механикжсан тээврийн хэрэгслийн төрөлд хамаардаг тул шинэ зохицуулалтаар тухайн тээврийн хэрэгслийг улсын хилээр оруулж ирэхэд бүртгэлжүүлэх, улсын дугаар олгох, үзлэг оношилгоонд хамрагдуулахаар шийдвэрлэжээ.
  • Сурроныг ихэвчлэн насанд хүрээгүй хүүхдүүд унаж осол аваарт өртөх нь их байгаа тул  18 нас хүрсэн, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн “А” ангиллын үнэмлэхтэй хүн суррон унаж авто замын хөдөлгөөнд оролцох эрхтэй болж байгаа юм байна.
  • Мөн шаардлагад нийцээгүй хүн суррон унаж авто замын хөдөлгөөнд оролцвол цагдаагийн байгууллагаас тухайн иргэнийг түр саатуулах, торгох арга хэмжээ авахаар болж байна.
  • Тус хуулийн зохицуулалт хэрэгжиж эхлэхээс өмнө буюу нэг сарын хугацаанд цагдаагийн байгууллагаас ебс-ийн хүүхдүүдэд зөвлөмж өгөх, эцэг эхэд нь заавар хүргүүлэх зэргээр нөлөөллийн арга хэмжээ явуулж эхэлжээ. Гэвч энэ хугацаанд өсвөр насны хүүхдүүд суррон унаж авто замын хөдөлгөөнд оролцвол мөн түр саатуулах, эцэг эх асран хамгаалагчийг торгох зэргээр арга хэмжээ авахыг холбогдох албаныхан анхааруулж байна.

Сүүлийн хоёр жилийн хугацаанд цахилгаан дугуйны нэг төрөл болох сурроны хэрэглээ ихсэхийн хэрээр энэ төрлийн тээврийн хэрэгсэлтэй холбоотой зам тээврийн осол нэмэгдэж байна. Тэр дундаа насанд хүрээгүй буюу 9-15 насныхан энэ төрлийн тээврийн хэрэгслийг жолоодож замын оролцсноор осолд өртөх тохиолдол их байна. Зөвхөн энэ эхний 8 сард суррон жолоодож яваад автомашинтай мөргөлдсөн 108 тохиолдол цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.

Сурронтой авто замын хөдөлгөөнд оролцох зохицуулалтыг яаралтай шийдвэрлэхээр ажлын хэсэг байгуулагдаж, 9-р сарын 5-нд хуралдсан. Тус хуралдааны шийдвэрээр сурроныг техникийн үзүүлэлтээр нь механикжсан тээврийн хэрэгслийн төрөлд хамааруулж тухайн тээврийн хэрэгслийг улсын хилээр оруулж ирэхэд бүртгэлжүүлэх, улсын дугаар олгох, үзлэг оношилгоонд хамрагдуулахаар болсон байна. Ингэснээр зөвхөн 18 нас хүрсэн, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн “А” ангиллын үнэмлэхтэй хүн суррон унаж авто замын хөдөлгөөнд оролцох эрхтэй болж байна.

Ийнхүү өнгөрсөн долоо хоногоос эхлэн тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн программд сурон гэсэн ангиллыг нэмж, хөдөлгөөнд оролцож байгаа болон хилээр оруулж ирж байгаа сурроныг бүртгэх ажил хийгдэж байна. Энэ нь нэг сарын хугацаанд үргэлжлэх бөгөөд тухайн хугацаанд иргэдэд зориулсан нөлөөллийн аяныг хэрэгжүүлж эхэлжээ.

Программын бүртгэл бүрэн дууссаны дараагаар холбогдох журмын дагуу 18 нас хүрээгүй, жолоодох эрхийн “А” ангиллын үнэмлэхгүй хүн суррон унаж авто замын хөдөлгөөнд оролцсон тохиолдолд түр саатуулах, торгох арга хэмжээ авах юм байна.