Үндэсний хиймэл дагуулыг хөөргөхөд Франц улсаас хөнгөлөлттэй зээл авах бөгөөд уг төсөлд нийт зардал 328 сая евро зарцуулагдахаар төлөвлөгдөж байна

Засгийн газраас үндэсний хиймэл дагуул хөөргөх төслийг танилцуулсан. Тэгвэл хиймэл дагуул хөөргөснөөр нутгийн бүх хэсгийг бүрэн хамарсан, орон зайн ялгаваргүй, бие даасан сүлжээ үүсгэж,  интернэт суурьтай бүх төрлийн харилцаа холбооны үйлчилгээг иргэн, аж ахуйн нэгжид хүртээмжтэй хүргэх боломж бүрдэнэ гэж төсөл боловсруулагчид үзжээ. Гэвч зарим эдийн засагчид болон УИХ-ын гишүүд гадны улсаас өндөр дүнгээр зээл авч энэ төслийг хэрэгжүүлэхээс илүүтэй нийгэмд тулгамдсан зайлшгүй шийдвэрлэх шаардлагатай асуудлуудад анхаарал хандуулах нь эдийн засагт үр нөлөө үзүүлнэ гэдэг байр суурийг илэрхийлж байна.

Үндэсний хиймэл дагуулыг хөөргөхөд Франц улсаас хөнгөлөлттэй зээл авах бөгөөд уг төсөлд нийт зардал 328 сая евро зарцуулагдахаар төлөвлөгдөж байна. Тодруулбал техник эдийн засгийн үндэслэлээр  нийт зардал нь 212.9 сая евро байна. Үүнээс гадна хиймэл дагуулын хөөргөлт 58 сая евро, мөн зөвлөх үйлчилгээ 3 сая евро,  харин даатгал 40 сая евро байхаар төлөвлөжээ. Мөн үүн дээр ажиглалтын зардалд нэмэгдэх бөгөөд нэг жилд 0.91 сая евро, 15 жилд 13.65 сая евро байна. Ингээд нийт зардал 328 сая евро шаардлагатай юм байна. Тэгвэл энэхүү санхүүжилтын 15 хувийг улсын төсвөөс үлдсэн 85 хувийг франц улсын хөнгөлөлттэй зээл хэлбэрээр авах юм байна.

Тэгвэл үндэсний хиймэл дагуул хөөргөх асуудалд УИХ-ын гишүүд шүүмжлэлтэй хандаж байна. Учир нь хэт өндөр төсөвтэй гэж үзэж байгаа юм.

Хэдийгээр энэхүү төсөл нь үндэсний аюулгүй байдлыг хангах чухал нөлөөтэй хэдий ч нийгэмд тулгамдаж байгаа асуудлуудаа нэн түрүүнд шийдвэрлэх нь эдийн засагт үр нөлөөтэй гэж эдийн засагч үзэж байна.

Ийнхүү зарим гишүүдийн зүгээс энэхүү төсөвт өртгийг 2 дахин бууруулах боломжтойг онцоллоо.