3 жилийн хугацаанд Хүүхдийн төлөө санд 19 тэрбум төгрөг төвлөрчээ

Засгийн газрын 2021 оны 172 дугаар тогтоолоор Хүүхдийн төлөө сангийн хөрөнгийг зарцуулах, түүнд хяналт тавих журмыг батлан хэрэгжүүлсэн байдаг. Тус сангаас олон улсын тэмцээнд уралдаанд оролцон амжилт гаргасан хүүхдийг шагнаж урамшуулах зорилгоор 400 гаруй сая төгрөгийг зарцуулжээ. Одоогийн байдлаар хүүхдийн төлөө санд 19 тэрбум төгрөг төвлөрсөн хэдий ч сангийн мөнгийг зарцуулах журам нь тодорхойгүй байсаар өдийг хүрсэн байна.

Хүүхдийн төлөө санд авто тээврийн улсын бүртгэлийн дугаар борлуулсны 16.9 тэрбум төгрөг, “Хүүхдийн фонд” ТББ-аас буюу соёл урлагийн тоглолтын орлогоос 2.1 тэрбум, иргэд байгууллагын хандиваар 17.2 сая төгрөг бүрдсэн бөгөөд нийт 19 тэрбум төгрөг төвлөрчээ. Одоогийн байдлаар уг сангаас олон улс, тив, дэлхийн соёл, урлаг, спортын уралдаан тэмцээн, наадамд амжилттай оролцож тус журамд заасан болзол шалгуур хангасан 217 хүүхдийн шагнал урамшуулал, дэмжлэгийг олгоход 490,9 сая төгрөг зарцуулагдаад байна. Үүнээс бусдаар   тус сангаас томоохон бүтээн байгуулалтад зарцуулагдаагүй байна.

Тэгвэл өчигдөр буюу Лхагва гарагт Засгийн газрын хуралдаанаар хүүхдийн төлөө сангийн хөрөнгийг зарцуулах, түүнд хяналт тавих журмыг шинэчлэн баталжээ. Ингэснээр уг сангийн хөрөнгийн санхүүжилтээр хүүхдэд зориулсан бүтээн байгуулалтын төсөл, барилга байгууламж шинээр барих өргөтгөх, шинэчлэх мөн шаардлагатай тоног төхөөрөмж худалдан авах зохицуулалт тусган тогтоожээ

Мөн тус сангаас санхүүжилтээр дэмжих төслийн саналыг тухайн жилийн төсвийн хуулиар батлагдах хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний жагсаалтад тусгуулах хүртэлх үе шат, хугацааг нарийвчлан тусгажээ.