Хийн түлшээр дулаанаа шийдэж байгаа айл өрх нэмэгдэхийн хэрээр агаарын бохирдол буурна

Олон улсад хийн түлш буюу газыг ашиглан агаарын бохирдлоос салж чадсан олон сайн туршлагууд байдаг. Манай улсын хувьд ч мөн газ буюу хийн цэвэр түлшээр халаалт дулаанаа шийдэж, агаарын бохирдлоос ангижирах бүрэн боломж байгаа төдийгүй хууль эрхзүйн орчин бүрдсэн гэж үздэг байна. 2022 оны 4-р сард агаарын тухай хуульд орсон нэмэлт өөрчлөлтөд халаалт, дулаанаа хийн түлшээр шийдсэн айл өрхөд урамшуулал олгоно гэсэн зохицуулалт хүртэл байдаг юм.

Хийн түлшээр дулаанаа шийдэж байгаа айл өрх нэмэгдсэнээр агаарын бохирдол тэр хэрээр буурна. Энэ бол агаарын бохирдлоос салах хамгийн богино хугацааны шийдлийн нэг. Гэхдээ одоогийн нөхцөлд иргэдийн зүгээс хийн түлшийг ашиглах мэдлэг ойлголт төдийлөн байхгүй байгаа юм. 

Тиймээс хийн түлшийн хэрэглээ, аюул ослын үед хариу арга хэмжээ авах талаар манай улсын төр хувийн хэвшлийн байгууллагууд БНСУ-аас туршлага судалж байна.

Улаанбаатар хотын агаарын бохирдлын 80 хувийг гэр хорооллын яндангийн утаа, 10 хувь нь автомашинаас үүдэлтэй байдаг. Үүнийг богино хугацаанд бага зардлаар шийдэх нэг гарц гаргалгаа нь иргэд дулааны асуудлаа шийдэхэд хийн түлшийг ашиглах гэдгийг албаныхан тайлбарлаж байна. Тодруулж хэлбэл, одоогоор нийслэлд гэр хорооллын бүсэд оршин суудаг 200.000 гаруй айл өрх байдгийн 100.000 орчим нь байшинтай. Эдгээр байшинд хийн бойлуур байршуулж өгвөл агаарын бохирдол тодорхой хэмжээнд буурах тооцоолол байгаа юм.

Одоогоор манай улсад 200 орчим айл өрх, байгууллага хийн түлшээр дулаанаа шийджээ. Айл өрхүүдийн хувьд халаалтын улиралд хийн түлш ашиглахдаа дунджаар 2.2 сая төгрөг зарцуулдаг байна. Хэрэв цаашид хийн түлшээр 100.000 айл өрхийн дулааныг шийдэж, эдгээр өрхийнхөө хийн түлшинд ашиглаж байгаа зардлын 50 хувийг хөнгөлбөл жилд 100 тэрбум төгрөг зарцуулна. Энэ мөнгөн дүн бол жил бүр агаарын бохирдолтой тэмцэж байгаа дүнгээс хамаагүй бага зардал юм.