Оросын пуужингийн довтолгооны уршгаар 1000 орчим километр үргэлжлэх цэвэр усны хоолой устаж, ундны усны эх үүсвэр үгүй болсон байна
ОХУ-ын арми Украины иргэний дэд бүтцэд халдсаны улмаас ойролцоогоор 1.7 сая хүүхэд цэвэр усаар гачигдаж байгаагийн хажуугаар аюулгүй орчинд амьдрах эрхээ эдэлж чадахгүй байгаа тухай НҮБ-ын Хүүхдийн сангийн нийтэлсэн тайланд дурджээ. Оросын пуужингийн довтолгооны уршгаар 1000 орчим километр үргэлжлэх цэвэр усны хоолой устаж, ундны усны эх үүсвэр үгүй болсон байна.

Ундны усны нөөц шавхагдахын хэрээр бохир ус хэрэглэж, улмаар гэдэсний халдварт өвчний тохиолдол нэмэгдэж байгаа юм байна. Одоо НҮБ-ын Хүүхдийн сан олон улсын хандивлагчдын дэмжлэгээр украин улсад цэвэр усны шугам хоолой барьж байгуулахыг зорьж байгаа юм байна.

Мөн НҮБ-ын Хүүхдийн сан Украин дахь хүүхэдтэй 21 мянга орчим өрхийг хүйтний улиралд бэлтгэх санаачилга дэвшүүлж байна. Энэ санаачилгын хүрээнд дайны фронтод ойрхон амьдардаг гэр бүлүүдэд анхаарлаа төвлөрүүлж, бэлэн мөнгө, дулаан хувцас, хөнжил болон бусад бараа бүтээгдэхүүн нийлүүлэх юм байна.

Түүнчлэн НҮБ-ын Хүүхдийн сангийн нийтэлсэн тайланд хүйтний улирал эхэлсэн ч Украины 1.7 сая хүүхэд дулаан хангамжаа авч чадаагүй байгаа нь эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхээ эдэлж чадахгүй байгааг илэрхийлж байна гэжээ.

Өнөөдрийн байдлаар дайны хөлд нэрвэгдсэн ард түмэн санхүүжилтийн хомсдолд өртөөд байгаа төдийгүй энэ нь дэлхий даяарх хямрал, эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдалтай холбоотой гэж НҮБ-ын Хүүхдийн сангаас онцолж байна.