Гүржийн ерөнхийлөгч парламентын сонгуулийн үр дүнг эсэргүүцэж, жагсаал зохион байгуулахыг иргэддээ уриалжээ

Өнгөрөгч Бямба гарагт болсон Гүржийн парламентын сонгуульд Оросыг дэмжигч, эрх баригч нам олонх болсон гэж тус улсын Сонгуулийн хорооноос мэдэгджээ. Харин Гүржийн Ерөнхийлөгч Оросыг дэмжигч “Гүржийн мөрөөдөл” нам сонгуульд хууль бусаар ялалт байгуулсан тул үр дүнг хүчингүйд тооцуулахын тулд эсэргүүцлийн жагсаал зохион байгуулахыг иргэддээ, хүний эрхийн төлөөх төрийн бус байгууллагуудад уриалжээ.

Тэрээр сөрөг хүчний дэмжигчид өнөөдөр буюу Даваа гарагт нийслэл Тбилиси хотод жагсаал зохион байгуулахыг уриалжээ. Ням гарагт Гүржийн төрийн тэргүүн Саломе Зурабишвили сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэдгээ мэдэгдэж, үүнийг хүлээн зөвшөөрвөл "Оросыг өөрийнх нь нутаг дэвсгэрт оруулсныг хүлээн зөвшөөрсөнтэй адил зүйл болно" хэмээн хэлжээ. Хуучин ЗХУ-ын Бүгд Найрамдах улсын баруун талыг баримтлагч сөрөг хүчний намууд сонгуулийн үр дүнг няцааж, санал хураалт будилаантай болсон гэж үзжээ. Тэд Гүржийг Европын холбооны гишүүн болгохыг эрмэлзэж байгаа төдийгүй хүний эрхийг зөрчсөн аливаа хууль тогтоомжийг хүчингүй болгохын төлөө тэмцэхээ бас анхааруулжээ.

Тус улсын Сонгуулийн төв хорооноос эрх баригч Гүржийн мөрөөдөл нам 54 хувийн санал авсан гэж мэдэгдлээ. Тус намын хууль тогтоогчид Кремлийн бодлого арга хэмжээг аялдан дагах байр суурь баримталж байгаа нь барууны орнуудын дургүйцэл, эсэргүүцэлтэй нүүр тулаад байгаа юм.

Ням гарагт Европын парламентын хяналтын төлөөлөгчдийн тэргүүн сонгуулийн дараа хэвлэлийн бага хурал хийлээ. Түүний хэлснээр, эрх баригч намын гишүүд сонгогчдыг айлган сүрдүүлж, ажиглагчдыг бие махбодод нь халдахыг харсан бол сонгогчдод бэлэн мөнгө тараах, архи, хүнсний зүйл бэлэглэх үзэгдэл бүртгэгдсэнийг онцолжээ.

Үүнтэй холбогдуулан Европын холбооноос мэдэгдэл гаргаж, Гүржийн сонгуулийн хороо болон бусад холбогдох байгууллагуудыг сонгуулийн хууль бус үйлдлийг шалгахыг уриалжээ.