Ирэх оны төсвийг бүсчилсэн хөгжлийн хүрээнд боловсруулсан ч тойргоос сонгогдсон гишүүд  дэмжихгүй байна

Монгол улсын 2025 оны төсвийн төслийг УИХ-аар хэлэлцэж  хуульд зааснаар ирэх сарын 11-ний өдөр гэхэд батлах юм. Тэгвэл төсөв тойрсон олон асуудлууд гишүүдийн дунд өрнөөд  байна. Ирэх оны төсвийг Засгийн газраас бүсчилсэн хөгжлийн хүрээнд боловсруулсан ч гишүүд уг бодлогыг үгүйсгэн өөрсдийн тойрогтоо төсөв нэмүүлэх лобби бүлэг байгуулсан гэх мэдээллийг зарим гишүүд өгч байна.

Засгийн газраас Монгол улсын 2025 оны төсвийг томоохон мега төслүүдийг хэрэгжүүлэхээр боловсруулсан, төдийгүй бүсчилсэн хөгжлийн хүрээнд ирэх жилүүдийн төлөвлөгөөг гаргасан гэдгийг төсөл боловсруулагчдын зүгээс онцолж байгаа. Тэгвэл өнөөдөр МАН-ын бүлгийн хуралдаанаар төсөвтэй холбоотой асуудлаар гишүүдийн дунд маргалдаан үүсжээ. Тодруулбал УИХ-д тойргоос сонгогдсон гишүүдийн зүгээс Засгийн  газраас өргөн мэдүүлсэн  төсвийг задалж өөрсдийн тойрогт тус бүрд төсвөө нэмүүлэх лобби бүлэг байгуулагдсан гэх мэдээллийг зарим гишүүд өгч байна.

Харин дээрх асуудлаар МАН-ын бүлгийн хурал дээр санал хураалт явуулахад дийлэнх гишүүд Засгийн газраас боловсруулсан төсвийн төслийг дэмжихээ илэрхийлсэн байна.