Орон сууцгүй иргэдийн орлогыг судалж, өрхийн орлогод нийцсэн орон сууцын бодлогыг хэрэгжүүлнэ

“Монголын орон сууцны ирээдүй-2024” олон улсын форум боллоо. Тус форумын үеэр ипотекийн зээлийн эх үүсвэрийг ирэх онд 1.2 их наяд төгрөгт хүргэх, цаашлаад жил бүр тус эх үүсвэрийг нэмж, 2028 он гэхэд 60 мянган өрхийг зээлд хамруулах талаар тус салбарын сайд мэдээллээ.

 “Монголын орон сууцны ирээдүй-2024” олон улсын форумын үеэр Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд ипотекийн зээлийн эх үүсвэрийг нэмэгдүүлж, 2028 онд 60.000 өрхийг зээлд хамруулна гэсэн юм. Ингэхдээ ипотекийн зээлийн 50-аас дээш хувийг орон нутагт олгохоор төлөвлөжээ. Мөн орон сууцгүй иргэдийн орлогыг судалж, өрхийн орлогод нийцсэн орон сууны бодлогыг хэрэгжүүлэх юм.

Мөн Монголын ногоон санхүүгийн корпорацтай хамтран олон улсын санхүүгийн эх үүсвэрээс хөрөнгө оруулалт босгож, амины орон сууцаа дулааны алдагдалгүй болгосон иргэдэд хөнгөлөлттэй зээл олгох, дэд бүтцээ бүрэн шийдсэн өрхөд төрөөс 30 хүртэлх сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх юм.

УИХ-ын намрын чуулганаар барилгын болон хот байгуулалтын тухай, үндэсний орон сууцжуулалтын тухай зэрэг барилгын салбарын багц хуулийн төслийг боловсруулан, өргөн барьж, батлуулахыг зорьж байна. Мөн Монгол улсын Засгийн газар 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөртөө иргэдийг орон сууцжуулах тодорхой зорилтуудыг тусгасан.

Эдгээр нь

• Үндэсний баялгийн сангаар дамжуулан орлогод нийцсэн орон сууцын нийлүүлэлтийг нэмэгдүүлэх

• Ипотекийн зээлийг өрхийн орлогын түвшинтэй уялдуулах

• Үндэсний орон сууцын корпорац байгуулж, орон сууцжуулах арга хэмжээг хэрэгжүүлэх

• Зорилтот бүлгийн иргэдэд чиглэсэн түрээсийн орон сууцын хөтөлбөрийг хэрэгжүүлэх

• Байгаль орчинд ээлтэй, эрчим хүчний хэмнэлттэй, амины орон сууцыг нэмэгдүүлэхэд хөнгөлөлттэй зээл, урамшууллын механизмыг нэвтрүүлэх

• Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах зорилгоор “Шинэ Зуунмод”, “Шинэ Хархорум” зэрэг хотуудыг шинээр байгуулах зэргийг тусгажээ