Монгол бөхөн, хавтгай, мазаалай, тахь, хулан зэрэг дэлхийд нэн ховорт тооцогдох амьтдын амьдрах орчин тэр дундаа усны хангамж, хамгаалах механизмын талаар салбарынхан хуралдлаа. Сүүлийн жилүүдэд эко системийг хамгаалагч эдгээр төрөл зүйлийн амьдын тоо толгой харьцангуй өсөж байгаа ч тоог өсгөх цаашлаад хамгаалах нэгдсэн тогтолцоотой болох хэрэгтэйг байгаль хамгаалагчид хэлж байна.
Говийн гайхамшигт 6 амьтан болох монгол бөхөн, хавтгай, мазаалай, тахь, хулан, хар сүүлт нь байгаль орчны тэнцвэрт байдлыг хамгаалах чухал үүрэгтэй. Гэтэл говь цөл бүсээр идээшлэн амьдардаг эдгээр амьтдын амьдрах орон зай хумигдаж, ундаалах усны хомсдолд ч орж байгаа юм. Үүнээс үүдэж тус төрлийн зүйл амьтдын тоо толгой буурч, устах аюулд ч хүрч байгаа юм.
Тэгвэл экосистемд дор бүрнээ чухал үүрэг гүйцэтгэдэг эдгээр амьтдыг хамгаалах байгаль хамгаалагчдын тоо ч хангалтгүй байна. Тухайлбал, газар нутгийн хэмжээгээрээ 2-т ордог говь-алтай аймагт 80 гаруй орон тооны байгаль хамгаалагчид ажиллах ёстой ч энэ тоондоо хүрэхгүй явсаар иржээ.
Байгаль хамгаалагч бол амьтдын тоо толгой, амьдрах орчинд анхаарал хандуулдаг хамгийн чухал үүрэг бүхий хүмүүс. Мөн дэд бүтцийг хөгжүүлэх зорилгоор төмөр зам тавихдаа тухайн хэсгийн амьтдын амьдрах орчин нөхцөлд онцгойлон анхаарах хэрэгтэй байна.
Говийн гайхамшигт зургаан 6 амьтны нэг болох монгол бөхөн нь зөвхөн монголд байдаг бөгөөд мөстлөгийн үеийн үсэрхэг хирс, арслан заан зэрэг амьтадтай нэгэн цаг дор амьдарч байсан. Харин хулан нь хатаж ширгэсэн хуурай сайрыг туурайгаараа ухаж ус гарган бусад амьтдыг ундаалдаг. Хар сүүлтийн хувьд жилд 30 тонн хорголоор говь цөлийг бордож экосистемийг нөхөн төлжүүлдэг амьтан юм. Ийнхүү эдгээр амьтад нь байгальд нөлөөлөх байдал цаашлаад аялал жуулчлалыг ч хөгжүүлэх гол түлхүүр юм.