Ням гарагт АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Камала Харрис, Бүгд Найрамдах намаас нэр дэвшигч Дональд Трамп нар санал хураалтын үр дүнд нөлөөлөх тулааны талбар гэгдэж байгаа мужуудын сонгогчидтой уулзжээ. Камала Харрис Мичиган мужийн өнгөт арьст сонгогчидтой уулзах үеэрээ арьс өнгөөр ялгаварлах үзлийг үл тэвчих, олон угсаатан нэг дор энх тайвнаар аж төрөх нийгэм, амьдралын орчинг улам төгөлдөржүүлэх амлалтыг өгчээ.
Камала Харрис түүхэн цаг хугацаанд ардчилсан намд тууштай дэмжлэг үзүүлсээр өдийг хүрсэн хар арьст сонгогчидтой уулзах үеэрээ “Та үр хүүхэд, ач зээ нартаа ямар улс оронг өвлүүлэн үлдээхийг хүсэж байна вэ?” хэмээн асуусан байна. Үргэлжлүүлэн тэрээр “Эмх замбараагүй байдал, айдас, үзэн ядалт эсвэл эрх чөлөө, шударга ёс, энэрэн нигүүлслийн орон уу хэмээгээд цааш хэлэхдээ бид асуултанд үгээр биш үйлдлээрээ хариулцгаая хэмээн хэлжээ.
Харин Ням гарагт Доналд Трамп Ану-ын хамгийн олон оршин суугчтай мужийн нэг Пенсильваниагийн сонгогчидтой уулзжээ. Энэ үеэр Доналд Трамп ану-ын өнөөгийн нөхцөл байдал эсвэл дөрвөн жилийн өмнөх түүний засаглалын он жилүүдийн амьжиргааны нөхцөл байдал сонгогчдод таатай байгаа эсэхийг лавлан асуулаа. Тэрээр “Бүх Америкчуудад итгэл найдвар түгээх мессеж хүргэхээр ирснээ” онцолсон төдийгүй Мягмар гарагт болох санал хураалтын дараа аж үйлдвэрийн хувьсгалын үед бизнес эрхлэгчдийн нуруун дээр боссон нэгдсэн улсын эдийн засгийг улам тэлж, инфляцыг арилгаж, татварын таатай бодлогоор ард иргэдийнхээ дарамтыг хөнгөлөхөө цуглааны үеэр хэлж байлаа.
Тэгвэл АНУ-ын иргэд инфляцын өсөлтийн хурд саарсан ч үнийн өсөлттэй тэмцсээр байгаа нь илэрхий асуудал юм. Д.Трамп үнийн өсөлтийн гол буруутнаар Байден-Харрисын засаг захиргааг нэрлэж, сонгогчдод итгэл найдвар төрүүлэхийн тулд эдийн засгийн бодлого арга хэмжээгээ идэвхтэй сурталчилж байна. АНУ-ын улс төрийн мэдээллийн "Real Clear Politics" сайтын мэдээлснээр Ням гаргийн байдлаар тулалдааны талбар болсон долоон муж дахь хэд хэдэн урьдчилсан санал асуулгын дүнгээс харахад сонгогчдын 48.5 хувь Трампыг дэмжиж байгаа бол тэдний 47.5 хувь нь Камала Харрист итгэл хүлээлгэх төлөвтэй байгаа юм байна.