Испанийн үерийн гамшигт өртсөн иргэд нөхцөл байдалтай танилцахаар очсон хаан руугаа шавар, чулуу шиджээ
Ням гарагт Испанийн хаан Фелипе, хатан хаан Летизиа нар тус улсын үерийн гамшигт нэрвэгдсэн  валенсиа хотын зүүн бүс нутагт хүрэлцэн очиж, гамшгийн дараах нөхцөл байдалтай танилцжээ. Харин гамшгийн дараах төр засгийн тусламж, хариу арга хэмжээнд сэтгэл дундуур байгаа валенсиа хотын оршин суугчид хаан, хатан руугаа шавар, чулуу шидэж, эсэргүүцлээ илэрхийлжээ.

Өнгөрсөн долоо хоногт Испанийн Валенсиа хотын зүүн хэсгийн гурван дүүрэгт нүүрлэсэн үерийн гамшгийн уршгаар амь үрэгдэгсдийн тоо 218-д хүрч, нэмэгдсэнийг холбогдох албанаас мэдээлжээ. Үерийн ус олон арван тээврийн хэрэгслийг урсгаж, иргэний дэд бүтэц, гүүр замыг нурааж сүйтгэжээ.

Ням гарагт Испанийн хаан, хатан нар үерийн голомт болсон Валенсиа хотын Паипорта дүүргийн нөхцөл байдалтай танилцах үеэр оршин суугчид тэдэн рүү шавар чулуу шидэж эхэлсэн байна. Эхлээд нутгийн иргэд Испанийн ерөнхий сайд Педро Санчесийг хүрэлцэн ирэх үеэр таагүй байдлаар угтан авч, тээврийн хэрэгсэл рүү халдсаны дараа Испанийн хаан хатан хоёр иргэдээ тайвшруулахаар очсон ч уурссан хүмүүс шавар цацаж эхэлжээ.

Испанийн хаан Фелипе, хатан хаан Летизиа нар оршин суугчдыг тайвшруулж, нөхцөл байдлыг хэлэлцэх гэж хоёр цаг гаруй оролдсоныг хэвлэлүүд мэдээлжээ. Тэгвэл шинжээчид "Үндэстний таалалд нийцсэн хааны дүрийг бүтээхдээ маш их анхаарал хандуулдаг Испаний хааны хувьд урьд өмнө тохиолдож байгаагүй үйл явдал тохиолдсон” гэж үзжээ. Испанийн цэрэг, цагдаа нар сураггүй үлдсэн хүмүүсийг хайж, аврах ажиллагааг эрчимжүүлж байгаа төдийгүй гамшгийн бүсэд 20 мянга гаруй алба хаагчид үүрэг гүйцэтгэж байгаа тухай мэдээлжээ. Гамшигт нэрвэгдсэн зарим бүс нутгийн оршин суугчдад тээврийн хэрэгсэл үйлчлэх боломжгүй байгаа төдийгүй ус, хүнсний хангамж нь тасалдсан байна.